Чех улсын визийг богино хугацаанд авах боломжтой болжээ

Чех улсын визийг богино хугацаанд авах боломжтой болжээ
Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Чех улсын визийг богино хугацаанд авах боломжтой болсон талаар мэдэгдлээ. Иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хүсэлт болгосны дагуу Чехийн тал Улаанбаатар дахь ЭСЯ-ндаа визний нэмэлт ажилтан томилон ирүүлсэн байна. Улмаар ЭСЯ-нд визний ярилцлагад орох цагийг цахимаар товлох системийг сайжруулахаар болсон нь виз мэдүүлж буй монгол иргэдийн хүлээлгийн хугацаа богиносох таатай нөхцлийг бүрдүүлжээ.
 
Мөн тус яамны зүгээс дотоодын агаарын тээвэрлэгч компаниуд болон олон улсын нислэгийн тийз борлуулагч компаниуд, аялал жуулчлалын нэгдсэн холбоотой хамтран ГХЯ-ны Консулын газрын албан ёсны www.consul.mn цахим хуудсыг олон нийтэд түгээхээр ажиллаж буй юм байна.
 
Энэ нь иргэд хилийн чанадад зорчих хугацаандаа эрх нь зөрчигдсөн тохиолдолд холбогдох дипломат төлөөлөгчийн газартайгаа цаг алдалгүй холбоо тогтоох, консулын үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг албан ёсны эх сурвалжаас шуурхай авах боломжийг бүрдүүлэх зорилготой ажээ.
 
Зарим дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг түр зогсоов
 
Бүгд Найрамдах Индонези Улс болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод суугаа Консулын газрыг энэ оны эхний хагаст багтаан үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргав. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаар уг шийдвэрийг гаргасан байна.
 
Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал хаахаар болжээ. Энэхүү шийдвэр нь эдгээр улсуудтай харилцах улс төрийн болон бусад харилцаанд нөлөөлөхгүй бөгөөд улс орны төсөв, санхүүгийн нөхцөл байдал сайжирсны дараагаар эдгээр газрыг сэргээн ажиллуулна гэж байнгын хорооны хуралдааны үеэр үзсэн байна. Иймд эдгээр ДТГ-уудыг түр хаахтай холбогдсон арга хэмжээг олон улсын харилцаанд тогтсон хэм хэмжээ, холбогдох зохицуулалтын дагуу Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж байгаа аж.
 
“Ростех” Ц.Мөнх-Оргил сайдтай уулзах хүсэлт тавиагүй гэв
 
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ сарын 19-20-ны өдрүүдэд айлчлах гэж байна. Айлчлалын үеэр БНХАУ-ын дэд ерөнхийлөгчид бараалхаж, Гадаад худалдааны сайдтай уулзахын зэрэгцээ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй яриа хэлэлцээ хийх юм. Харин тус улсаас 4.3 тэрбум ам.долларын зээл, тусламж хүсэх тухай яриа бол ташаа мэдээлэл аж.
 
Одоогоор Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад айлчилж буй. Энэ үеэр “Ростех” компанийн удирдлагуудтай уулзах хөтөлбөр байгаа эсэхийг сэтгүүлчид тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээс тодруулахад тэрбээр, " “Ростех” компанийн зүгээс уулзах хүсэлт тавиагүй. Тийм хөтөлбөр байхгүй" гэсэн тайлбар хийв.
 
Ж.Отгон 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.