О.Магнай: 100 хоногийн хугацаанд МАН-ын мөрийн хөтөлбөр 180 градус эргэсэн

О.Магнай: 100 хоногийн хугацаанд МАН-ын мөрийн хөтөлбөр 180 градус эргэсэн

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай Монгол Ардын нам сонгуульд ялснаас хойшхи 100 хоногт ямар ажлууд хийсэн талаар тайлан бүхий ном гаргасан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр уг номоо хараат бус тайлан, энд ямар нэгэн улстөржсөн, намчирхсан зүйл байхгүй гэлээ. Тайлан нь гурван хэсэгтэй гэнэ.

Нэгдүгээр бүлэгт, МАН-ын амлалтыг багтсан байна. Энэ талаар тэрбээр “100 хоногийн хугацаанд МАН-ын мөрийн хөтөлбөр 180 градус эргэсэн, ураг төрлийн томилгоонууд хийгдсэн. МАН-ын дарга М.Энхболд өөрийнхөө ах, дүү амраг садны 20 хүнийг албан тушаалд томилсон. Энэ улс төрийн нам мөн үү. Эсвэл нэг хүний дарангуйлал тогтоох гээд өөрийнхөө ах дүүг томилж байгаа юм уу. Нэг гэр бүл энэ намыг эзэгнээд байна уу” гэв. Тухайлбал,

-УИХ-ын дарга М.Энхболдын хүү Анар Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал,

-УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайд,

-МАН-ын дарга асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүн,

-Мөн Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн Ерөнхий газрын дарга,

-Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч,

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн Захиргаа Удирдлагын газрын дарга,

-Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын даргаар тус, тус томилогджээ. 

-Морин спорт уяачдын холбооныхон бүгд төрийн албанд дарга болсон. Тухайлбал, ММСУХ-ны дэд тэргүүн П.Сэргэлэн Хүнс хөдөө аж ахуйн сайд,

-Дэд Ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга хот байгуулалтын дэд сайд,

-Нийслэлийн Морин спорт уяачдын холбооны дарга н.Мөнхбаясгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,

-Мөн тэргүүлэгч Ц.Баяржаргал Хүнс хөдөө аж ахуйн яамны газрын даргаар томилогдсон гэв. Уг нь "МАН-ын мөрийн хөтөлбөрийн 4.2.7-д Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах, дүү төрөл саднаа ажилд авахыг хориглоно, 4.2.8-д Төрийн албанд шат ахиулан албан тушаал дэвшүүлэх мерит тогтолцоог хэвшүүлнэ гэж тус тус заасан байдаг гэдгийг тэрбээр сануулсан юм. Тэгвэл бодит байдал дээр мөрийн хөтөлбөрөө зөрчиж, 2020 он хүртэл Монгол Улсыг МАН-ын гэр бүл, ах дүү амраг садан удирдах нь гэдгийг онцолж байлаа.

Хоёрдугаар бүлэгт Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийсэн ажлыг багтаасан байна. Тэрбээр “Засгийн газар 100 хоногийн хугацаанд бодитой нэг ч ажил хийсэнгүй. 100 хоногийн дотор ядаж зөв чигээ авах ёстой. Нийгэмд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол авлигал, албан тушаалын гэмт хэрэг. Энэ 100 хоногийн хугацаанд ард түмэн МАН-ын авлигатай хэрхэн тэмцэхийг харж байлаа. Харамсалтай нь юу ч хийсэнгүй. Эдийн засаг хямарлаа гэдгийг МАН хангалттай ярьсан. Гэвч 100 хоногийн хугацаанд хямралаас гарах ямар төлөвлөгөө байгааг ард түмэнд танилцуулсангүй” гэв.

Харин Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийсэн ажлын тухайд Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг, Хамтын тэтгэврийн тухай хуулийг, Хүүхдийн мөнгийг, Оюутны 70-ыг, Эмч багш нарын тэтгэмжийг бууруулсан гэлээ. Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмжийг бууруулсан, “1111” төвийг татан буулгасан, гадаадад тэтгэлгээр сурахыг зогсоосон, Төрийн албан хаагчдыг хомроглон халсан, торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн, ард түмний өмчийг үнэгүйдүүлсэн зэргийг онцоллоо.

Ж.Өөдлөн

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.