Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлөөс санаачлан төрийн байгууллагуудад “Тусламжийн хонх”-ыг байршуулж эхэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс байгууллагуудын үүдний хаалгыг хонхтой болгож, тухайн иргэн тусламж дуудах боломжийг бүрдүүлж байгаа юм. Тусламжийн хонхыг 12 байгууллагын үүдэнд байршуулахаас одоогоор аймгийн Нутгийн удирдлагын ордон, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт стандарт хэмжээ буюу 80 орчим см өндөрт байрлуулаад байна. Зорилтот бүлгийн иргэд хонхыг дарснаар байгууллагын ажилтан шуурхай ирж, үйлчлүүлэгчийг дотогш нэвтрүүлэх, налуу замаар болон шатаар гаргах гэхчлэн хүссэн үйлчилгээгээ авахад нь туслалцаа үзүүлнэ.