С.Чинзориг гишүүн хийсэн ажлаа тайлагнаж, хийхээр төлөвлөснөө танилцуулав

С.Чинзориг гишүүн хийсэн ажлаа тайлагнаж, хийхээр төлөвлөснөө танилцуулав

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Хайрхандулаан, Нарийнтээл, Богд, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг гэсэн 12 сумын иргэдийн үнэмлэхүй олонхийн саналаар парламентад сонгогдсон С.Чинзориг гишүүн тойрогтоо ажиллаж, сонгогч олонтойгоо хийх уулзалтаа эх орны төв цэг Бүрд сумаас эхэлж нар зөв тойрон 3000 шахам хүнтэй нүүр тулан уулзлаа.  

С.Чинзориг гишүүн уулзалтад ирсэн нутгийн олонд УИХ-ын анхдугаар чуулган болон олны анхаарлыг ихээр татсан ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулахын хамт улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлээс гарах арга замын талаар ярилцаж, иргэдийн санаа бодлыг сонссон юм.  

Тэрбээр хүмүүсийн дунд багагүй эргэлзээ төрүүлж бас ч үгүй бухимдуулаад амжсан цалин хасах, татвар нэмэх, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэмж, төрийн албан хаагчдад нэг удаа олгодог буцалтгүй тусламжийн талаар УИХ ямар шийдвэр гаргасныг танилцуулж, өөрийн байр суурийг илэрхийлсэн.

Тухайлбал, эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хэн нэгний цалин хөлсийг хасч танахаас илүүтэй үр ашиг муутай хөрөнгө оруулалтыг зогсоож, орлого олж болох өөр эх үүсвэрийг хайх, төр иргэддээ эрх тэгш шударга хандах зарчмын үүднээс төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн тэтгэмжийг ажилласан жилтэй нь дүйцүүлэн олгодог байх ёстой гэсэн байр суурийг нэгдсэн чуулган, Байнгын хорооны хуралдаанд байнга илэрхийлж байсан.

Татварын хувьд ч тэр хэд хэдэн зүйл дээр цөөнх болсон шалтгаанаа сонгогчдодоо тайлбарласан. Тэрбээр 150 ам метр талбайтай тансаг орон сууц эзэмшигчдээс татвар авч, архи, тамхины онцгой албан татварыг нэмэх нь зөв хэмээн үздэг гэхчилэн ярьж байлаа. Мөн өмнөх дөрвөн жилд эрх барьсан хүмүүсийн алдаатай бодлогын улмаас улсын сан хөмрөг нимгэрч, хөгшчүүдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгийг бүрэн бүтнээр нь олгоход хүндрэл үүсч, гаднаас хөрөнгө оруулалт татах, зээл тусламж хайхад амаргүй байгаа ч ард түмнийхээ амьдралыг сайжруулах бүхий л арга замыг эрэлхийлж ажиллах нь төр засгийн үүрэг гэдгийг тэрбээр онцолж байсан юм.

С.Чинзориг гишүүний хувьд нийгмийн хамгааллын салбарт мэргэшсэн түшээ гэдгээрээ бусдаас ялгардаг. Тийм ч учраас сонгуулийн үеэр малчид, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллын чиглэлээрх хууль тогтоомжийг боловсронгуй болгох амлалтыг өгсөн бөгөөд амлалтаа эхнээс нь биелүүлж өнгөрсөн хоёр сарын хугацаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гэсэн хоёр ч хуулийн төслийг санаачлан боловсруулж, Засгийн газраар дэмжүүлсэн.

Эдгээр хуулийн төсөлд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулж, ээжүүдийн хүүхдээ асарсан хугацааны шимтгэлийг төрөөс хариуцах, тэдний төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох, тогтмол орлогогүй малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх   боломж олгох зэрэг заалт орсон нь олны талархал хүлээж буй юм.

Өвөрхангайнхан өөрсдийг нь төрд төлөөлж буй гишүүнийхээ яриаг тун ч анхааралтай сонсохын хамт тэдэнд асуух зүйл ч арвин, төр засгийн бодлого шийдвэрт тусгуулах санал олныг хэлсэн. Улс орны хөгжлийн гарц барагдаж дуусдаг байгалийн баялаг биш харин олон жилийн уламжлалтай мал аж ахуй гэдгийг анхаарч, амьсгалаас бусдыг нь ашиглаж болдог малын үнэ цэнийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулахад малчдад төрөөс дэмжлэг үзүүлэхийг хүсч байв. Мөн улс орныг эдийн засгийн хүндрэлд тулгаж, ард түмний амьдралыг дордуулсан буруу шийдвэрийн эздэд хариуцлага тооцохыг олон хүн шаардсан.

Иргэдийн С.Чинзориг гишүүнд тавьсан асуулт, хүсэлт, төрд хүргэх санал бодлыг сум сумаар нь тоймлон хүргэж байна.

Есөнзүйл сум

  • Сум дундын эмнэлэг гэсэн статустай ч Эрүүл мэндийн төвийн барилга хуучирсан, засвар хийх шаардлагатай. Засварын санхүүжилтийг хүсч “Өвсний үндэс” хөтөлбөрт хандсан ч бүтээгүй. Байр савны багтаамжгүйгээс нарийн мэргэжлийн эмч нар нэг өрөөнд олноороо сууж үзлэгээ хийдэг. Эмчилгээний тоног төхөөрөмж ирдэг ч тавих газар байхгүй. Тухайлбал, бид одоо хүртэл шүдний кабинетаа ажиллуулж чадахгүй байна. Эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмж стандартын бус. Өвчтөнүүдийнхээ хоолыг хятад цахилгаан тогоонд хийж байна шүү дээ. Тиймээс манай эмнэлгийн хуучин байрны засварын асуудлыг шийдэж өгөөч.
  • 2014 онд шинэ Соёлын төвтэй болсон ч одоо болтол шаардлагатай тоног төхөөрөмж, тайзны хөшиг байхгүй.
  • Сургуулийн заалны шал мөөгөнцөртөж, тэнд сургалт хүмүүжлийн ажил явуулах боломжгүй болсон.

Өлзийт сум

  • Боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгоход илүү анхаармаар байна. Наад зах нь сурах бичгийн чанарыг сайжруулж, насыг нь урт байхаар хийж болохгүй юу. Хүүхдийн гарын ая даахгүй, жил бүр шинээр хэвлэж байна шүү дээ.
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 100 хувь төрөөс даадгийг болиулж талыг нь эцэг, эхээс нь гаргуулна гэдэг хөдөө сумынханд хүндрэлтэй болно. Сард 33 мянган төгрөг төлөөд хүүхдээ явуулах боломжтой айл хэд билээ. Тэгээд ч нэг айлаас нэг л хүүхэд явдаггүйг бодолцох хэрэгтэй байх.
  • Оюутны 70 мянгыг зогсоож, сургалтын төлбөрийн зээл олгодог болно гэсэн нь хэзээнээс хэрэгжих вэ.
  • 2012 оноос хэрэгжиж байгаа “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрт хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх сайхан заалт бий. Гэвч  орон нутагт хүүхдийн тал бүрийн авьяасыг хөгжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл дутмаг.
  • Орон нутагт ажилладаг багш нарт таван жил тутамд олгодог нэмэгдлийг сургуулийн үйлчилгээний туслах ажилтнуудад олгож болохгүй юу.

Сант сум

  • Хэдийгээр бид УИХ-ын үйл ажиллагааны талаар телевизээр мэдээлэл авч байгаа ч яг ингэж биечлэн ирж тайлбарлан таниулах нь хамаагүй үр дүнтэй юм байна.
  • Манай сумын эмнэлэг ирэх сард магадлан итгэмжлэлд ороход эмийн хөргүүр хэрэгтэй байна.
  • Бэлчээр ашигласны төлбөр хаашаа ордог, юунд зарцуулагддаг болохыг тодорхой болгох шаардлагатай. Уурхайн хөлд нэрвэгдэж бэлчээр, ундны ус хомсдолд орж буй нь малчдад хүнд тусч байна.

Баянгол сум

  • Тэтгэврийн насыг эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 60 болгоно гэдэг үнэн үү. Эмэгтэйчүүд гэж их ярих юм. Гэтэл эрчүүдэд төрөөс тавих анхаарал халамж үгүйлэгдэж байна шүү дээ.
  • Төр барьж, бодлого гаргаж буй хүмүүст хэлэхэд улс орны хөгжил, ард түмний аж амьдралыг сайжруулахын тулд зөв гэж үзсэн шийдвэрийнхээ төлөө тууштай зогсдог, зоригтой байх хэрэгтэй. Татвар нэмэх ёстой гэж үзсэн бол нэмэх л хэрэгтэй. Түүнээс хүмүүст таалагдахын тулд ажиллаж болохгүй.
  • Малыг, махыг гадагшаа гаргах боломж бололцоог нээж, малыг эрүүлжүүлэхэд төрөөс анхаарах.
  • Оффшор дансны тухай их шуугисан. Үнэхээр тийм их хэмжээний мөнгө гадагш нь гаргаад нуучихсан юм бол түүнийг нь яаж ийгээд буцаагаад аваад ирж болдоггүй юм уу.
  • Хөдөөд эмч, эмнэлгийн ажилтны үнэлэмжийг дээшлүүлмээр байна.
  • Хөдөө аж ахуйн бирж гэж байгуулсан ч малчидтай биш ченжүүдтэй ажиллаад байгаагаас малын гаралтай түүхий эдийн үнэ өсч чадахгүй, малчдын амьдрал сайжрахгүй байна.
  • Малчид одоо нэгдэж нийлж байж хөгжихгүй бол ганц ганцаараа урагшлахаа болилоо.

Хайрхандулаан сум

  • Хаа хаанаа улстөржилтийг багасгамаар байна. Намын нэрээр чадваргүй хүмүүсийг албан тушаалд томилох нь төрд ч, намд ч гай болж байна.
  • Улс орны амьдрал ард түмнээс болж муу байгаа юм биш. Төрийн зөв, цэгцтэй бодлого үгүйгээс өнөөдрийн хүндрэлд тулсан. Тиймээс бид тогтолцоогоо өөрчилж шинэчлэх тал дээр дорвитой алхам хийх цаг болжээ.
  • Өвөрхангайд махны үйлдвэртэй болно гэсэн яасан бэ.

Нарийнтээл сум

  • Тэтгэвэр нэмэх арга байна уу.
  • Банкны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр анхаарч өгөөч.
  • Малын элдэв халдварт өвчин даамжирлаа. Энэ нь махаа гадагш нь гаргах боломжийг хааж байна.
  • Сургуульд хүүхдүүдээ сургахын тулд айл гэр хоёр тасарч амьдрахад хүрч байна. Эмэгтэйчүүд хүүхдээ дагаад суман дээр, эрчүүд малаа дагаад хөдөө үлддэг болсон.
  • Уурхайн ажилчдыг хүнд хортой нөхцөлөөр тооцож эрт тэтгэвэрт гардаг байсныг болиулсан нь орон нутгийн уурхайд ажиллаж буй хүмүүсийн хувьд хэтэрхий хатуу байна.

Баруунбаян-Улаан сум

  • Хамтын тэтгэврийн хуулийг яагаад хүчингүй болгов.
  • Хүүхдийн мөнгийг олгох шалгуур гэж буй өрхийн амьжиргааны төвшинг яаж тогтоогоод байгааг ойлгохгүй байна.
  • Бидний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл хаашаа орж байна вэ. НДС хоосорсон гэдэг үнэн үү.
  • МАН-аас амласан “Насны хишиг”-ийг хэзээнээс өгөх боломжтой вэ.

Богд сум

  • Өнгөрсөн Засгийн газрын үлдээсэн өрийн хариуцлагыг тооцох талаар бодож байгаа юм бий юу.
  • Цалингийн том зөрүүг арилгамаар байна. Сарын 4-5 саяын цалинтай шүүгчийн ажлын ачаалал 400-500 мянгын цалинтай сумын эмчийнхээс их гэж үү.
  • Өнөөгийн Засгийн газар мөнгө олох боломж, арга зам хайж байна уу.
  • Тавантолгойн 1072  хувьцааны мөнгөө яаж авах вэ.
  • Өрийн дээд хязгаар 88 хувьд хүрсэн гэсэн. Танай нам ирэх дөрвөн жилд энэ хязгаарыг нэмэх үү.
  • Малчдын банкны зээлийн мөнгөөр амьдарч, чанаргүй боловсон хүчин бэлтгэн ажилгүйчүүдийн тоог нэмж байгаа хувийн дээд сургуулиудын тоог хумиж болохгүй юу.

Гучин Ус сум

  • Манай улс өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгаас гадна улс төрийн гүнзгий хямралд орсон. Төсөвт орлогоосоо давсан зарлага төлөвлөөд байдгийн учрыг ойлгохгүй юм.
  • Эрдэнэтийн 49 хувийг яг хэн авсан юм бэ. Болж бүтэж байсан зүйлсээ өмч хувьчлал нэрээр нурааж устгаад байгааг эргэж харах хэрэгтэй байна. Улс өөрийн гэсэн өмчгүй боллоо.
  • Улсын төсвийн хөрөнгөөр барилга байшинд засвар хийх боломж байна уу. Сум инженерийн шугам сүлжээгүй учраас сургуулийн орчин хүүхдэд ээлтэй ариун цэврийн орчныг бүрдүүлж чадахгүй байна.
  • Сургуулийн дотуур байрыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Өмнөх дөрвөн жилд бид хүсэлт гаргаад шийдүүлж чадаагүй. Анхаарах боломж байна уу.
  • Цаг урагшлуулж, хойшлуулах нь хүний биеийн био хэмнэлтэй зөрчилддөг. Үүнийг зогсоож болохгүй юу.
  • Малынхаа тоог үнэн гаргаж баймаар байна. Банкнаас зээл авахын тулд малаа нэмж худлаа тоолуулдаг. Тиймээс бодитой болгохын тулд зөв тоолж, татварыг нь яс авч байх хэрэгтэй.

Төгрөг сум

  • Сумаа хөгжүүлмээр байна. Үүний тулд дулааны хямд, байгальд хоргүй эх үүсвэрийг нэвтрүүлэхэд анхаарах нь нэн тэргүүний асуудал.       
  • өр засаг мал эмнэлгийн үйлчилгээ, малын даатгалыг өөртөө авах ёстой.
  • -Малын тоо толгой хоёр дахин өслөө гэж буй ч мал малладаг малчны тоо хоёр дахин цөөрсөн. Залуу малчдыг бэлтгэх, дэмжих тал дээр төрийн бодлого зайлшгүй шаардлагатай байна.
  • Төрийн албаны илүү орон тоог цомхотгож, цомхотголд орсон хүмүүсээ материаллаг үйлдвэрлэлийн салбарт ажиллах боломжоор хангах нь төр засгийн үүрэг байх ёстой.

Хэдийгээр УИХ-ын гишүүний үүрэг хууль тогтоох ч иргэд өөрсдийнхөө сонгосон түшээд тулгамдсан асуудлаа дуулгаж, хэрэгтэй зүйлдээ дэмжлэг авахыг хүсдэг. Гишүүд ч нутаг орны хөгжилд тус дэм болохоор хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эрэлд гардаг нь нууц биш. С.Чинзориг гишүүн ч тойрогтоо гар хоосон очоогүй. Сум бүрийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хэрэгцээтэй зүйлийг нь судалж чамгүй хөөцөлдсөний үр дүнд иж бүрэн компьютер, хөлдөөгч, гал тогооны тоног төхөөрөмж тэр ч бүү хэл Богд суманд нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн машины асуудлыг ч шийдэж өгсөн. Мөн түүний сонгогдсон тойргийн бүх сумын Эрүүл мэндийн төвд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1,0 сая ам.долларын эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон баяртай мэдээг дуулгасан.  

Түүнийг тойрогтоо ажиллах үеэр Баян-Өндөр, Баруунбаян-Улаан сумын цэцэрлэгийн шинэ өргөтгөл нээлтээ хийж таарсан. Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр барьсан шинэ цэцэрлэг тус бүртээ 50 хүүхэд бүхий хоёр ангийг нээжээ. С.Чинзориг гишүүн бяцхан хүүхдүүдийн боловсролд зориулан сэтгэлийн хандив өргөв. Мөн Туркийн Анкарад болох ДАШТ-д эх орноо төлөөлөхөөр явах гэж буй бяцхан тамирчны замын зардалд хувиасаа 500 мянган төгрөг хандивлалаа.

Өмнө сонгосон гишүүн нь сонгууль дөхөхөөр л бараагаа харуулдгаас анхдугаар чуулганы дараа шуудхан ирж хийсэн ажлаа тайлагнаж, хийхээр төлөвлөснөө танилцуулж, төр засгийн бодлого шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаагүйг иргэд онцолж, С.Чинзориг гишүүнд талархал илэрхийлж амжилт хүслээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.