Түгжрэлийг муйхарлаж бус инженерчилж шийднэ

Түгжрэлийг муйхарлаж бус инженерчилж шийднэ

Хот байгуулах, төлөвлөх нь суурь судалгаанд суурилсан, зурж зурагласан инженерийн ажил байдаг. Ингэж байж эмх цэгцтэй, өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр ёстой л нөгөө “Аз жаргалтай” хот болно.  Тэгвэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 500-600 мянган хүн амьдрах боломжтой хэмээн төлөвлөж байж.  Ийм учраас автозам, байшин барилга гээд дэд бүтцийг нь үүнд тохируулан байгуулсан гэж байгаа. 1990 онд Улаанбаатар хот  550 мянган хүн амтай байж.  Өнөөдөр 1.6 сая хүн ам чихэлдэн амьдарч шийдэх ёстой асуудал шил шилээ даран хуралдаж байна. Зөвхөн авто замыг аваад үзье. 

Нийслэлийн авто замын сүлжээ  өнөөдөр 1135 км. Үүнд  гэр хорооллын гудамжны замаас эхлээд хотыг хөндлөн гулд сүлжсэн хатуу хучилттай  зам бүгд орно. Одоогоос яг 10 жилийн өмнө Улаанбаатар хот 954 км авто замын сүлжээтэй байж. Энэ хоёр тоо баримтыг харьцуулаад харвал авто замын сүлжээ 181 км-ээр нэмэгдсэн байгаа юм. Дээрх  замын сүлжээгээр зорчиж буй  автомашины тоог харвал даруй дөрөв дахин өссөн дүн гарна.

Тодруулбал, 10 жилийн өмнө 234- мянган автомашин нийслэлд бүртгэлтэй байсан бол өнөөдөр 632 мянгад хүржээ.  Ийм болохоор Улаанбаатар хотын авто зам түгжирч оршин суугчид нь бухимдах нь гарцаагүй. Хэдийгээр анх төлөвлөсөн хэмжээнээс хүн амын тоо хэтэрч байсан ч ирээдүйд гарах сөрөг үр дагаврыг  хотын дарга нар тооцоолохыг хүссэнгүй. Шат дараатай ажил ч хийгээгүй. Бүхнийг зөвхөн мөнгө хэмээн харж ирсний гор одоо гарч бөгс эргэх зайгүй ширэнгэн ой сүндэрлэж байна. 

Ийм учраас инженерийн шийдэл гаргаж түгжрэл болон бусад асуудлыг шийдвэрлэхэд нэн бэрх болжээ. Гэхдээ хотын түгжрэлийг бууруулах тооцоо судалгаа хийсэн инженерүүд бий. Даанч тэдний үгийг сонсдог, санал санаачилгыг нь дэмжих дарга нар, иргэд  алга. Үүнийг инженерүүд ч хэлдэг. Тэгсэн хэр нь түгжрэлийг шийдэх гарц гаргалгаа хайж, судалж байна гэдэг. Тэгээд шийдэх арга нь инженерийн тооцоо, судалгаанд бус албадлагын захиран зандарсан, иргэдээ буруутгасан үйлдэлд суурилдаг нь харамсалтай. Харин хэдхэн хоногийн өмнө чихэнд чимэгтэй нэг мэдээ сонстлоо. Тэр нь Япончуудтай манай инженерүүд хамтарч судалгаа хийгээд зарим автозамын хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгох болсон гэнэ лээ. Гэвч энэ шийдвэр нь бас хэл ам дагуулав. 

Тодруулбал, “Алтай хотхоны оршин суугчид хүүхдээ хүргэж өгөхийн тулд өглөө, оройн ачааллын үеэр буцаж эргэдэг. Буцаж эргэх үйлдэл нь бусад хөдөлгөөнийг огтлолцуулж, аюулгүй байдал хангахгүйгээс шалтгаалж маш их эрсдэл үүсээд байна. Иймд Алтай хотхонд шинээр замын тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийгдэж байгаа. Нарны гүүрний доод талын буцаж эргэх хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байгаа” гэсэн юм. Харин  үүнийг  нь Нарны хорооллын оршин суугчид эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Тэд “Иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаар туршилт хийж болохгүй”, “Хүүхдийн зорчих эрх хороолол дотроо аюултай боллоо”, “Машинаа бодсон бол хүнээ бас бодолцож шийдвэрээ гаргана уу”, “Нэг хороолол дундуур нөгөө хорооллын иргэд дамжин өнгөрөх нь зөв шийдэл биш” хэмээн  эсэргүүцлээ илэрхийллээ.

Ингээд  энэ шийдвэр нь хулгана залгисан могой шиг гүлдийвэй хөөрхий. Уг нь хэд хоног туршаад үзвэл болох л асуудал л даа. Үүнээс гадна Механик инженерийн сургуулийн уулзварын хойд талаас буцаж эргэх эргэлтийн маршрутыг өөрчилснөөр тэр орчмын түгжрэл саарах, урагш нэвтрэх хөдөлгөөн 30 хувиар хурдсах тооцоог энэ хавийн түгжрэлийг багасгах загварыг хийсэн инженерүүд амлажээ. 

Мөн “Хөсөг трейд”-ийн баруун уулзварын хөдөлгөөнийг өөрчилснөөр Саппорогийн урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөн, ТЭЦ-IV-ийн зам, Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн түгжрэл багасаж, Говийн зам зүүнээс баруун чиглэлдээ ачаалал саарч, Ажилчны гудамжны хөдөлгөөн 34 хувиар сайжирна гэж тооцоолсон байна. Эцэст нь хэлэхэд дарга нь ч, цэрэг нь ч, иргэд нь ч инженерүүдийнхээ үгийг сонсох нь зүйтэй болов уу. Түгжрэлийг талцсан маргаанаар бус инженерийн тооцоо судалгаа, загварчлалаар л шийднэ шүү дээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны гуравдугаар сарын 29. Лхагва. №051 (5779)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.