Тамирчдын тэтгэлэг бол тэнгэрийн салхи биш, төрийн шийдвэр

Тамирчдын тэтгэлэг бол тэнгэрийн салхи биш, төрийн шийдвэр

УИХ-ын гишүүнд,           

Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг дэлхийд мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлж явсан тамирчдын тэтгэлгийг хасах тухай зарим нэг улстөрч санал гаргаж, ярьж байгаа бололтой. Хардахад Н.Түвшинбаяр аваргын хэрэгтэй л холбоотой төрсөн сэдэл болов уу. Тийм ээ, харамсаад барамгүй, гасалмаар хэрэг.

Өглөө болгон Богд ууланд авирч, өдөр бүр зааланд бэлтгэл хийж хөлсөө гаргадаг тамирчин хүн гэртээ удаан хугацаанд хоригдож байгаад найз нөхөдтэйгээ уулзахаар баяр хөөр нь ч, уур хилэн нь ч их бадарсан болов уу. Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэдэг юутай үнэн бэ? Хүн бол нийгмийн амьтан. Коронавирус цар тахлын урт хөл хорио хүүхэд, томгүй бүх хүмүүсийг бухимдуулж, стрессдүүлж байгаа нь гашуун үнэн.

Нэгэн зүйл. Тамирчны амжилт асар өндөр үнэ цэнээр олддогийг, тэд маань ямар хэцүү зам туулдгийг тамирчид өөрсдөө ярих нь зөв. Улс үндэстнүүдийн, ялангуяа цөөн хүн амтай Монгол шиг улсын нийтээрээ бахархах, омогших, эв нэгдлээ бэхжүүлэх, нүүр тахлах хүмүүс гол төлөв хоёр салбарынхан байдаг. Нэг нь спорт. Нөгөө нь соёл, урлагийнхан. Мэдээж хэрэг төр ард түмний хүндэтгэл, хайр халамжийг дааж явна гэдэг өөр асуудал. Харин тэд маань улс төр рүү бага хошуурмаар байгаа юм. 

Нэгэн зүйл. Монгол Улсаас олимпын анхны аварга төрсөн 2008 оны 8-р сарын 14-ний өдөр бол үдээс хойш нар дахин мандсан мэт Монгол даяар баяр бахархлын давалгаа давалгаалж, 7-р сарын 1-ний өдрийн зангирсан хар үүл уур манан мэт сарнин арилж, огт танихгүй хүмүүс тэврэлдэж, бие биедээ баяр хүргэж, машин тэрэг, орон сууцны үүд болгон Монгол Улсын далбаагаар бүрхэж, ард түмэн үнэн сэтгэлээсээ баярлаж байсан билээ. Бие тааруу байсан ч охиноо хүзүүн дээрээ суулгаад Сүхбаатарын талбай руу зам дагаад алхаж байхад суудал дүүрэн хүнтэй машин хажууд тоормозлоод “Та хоёр бидний машинд чихээд ч болов суугаад талбай руу дөхчих” гэж билээ. Яг л нэгэн айлын ах дүүс, үр сад шиг. Зарим нь машиныхаа цонхоор цээжээ гаргачихсан бие биедээ баяр хүргэж, эх орны сэдэвт дуу дуулж байв. Замын цагдаа тэднийг хараагүй юм шиг, харин ч замыг чөлөөлж зохицуулж саадгүй явуулж байв. Их эвийн найр шиг байсан… Салют, баяр хөөр, дуу бүжиг, согтуу дарга нар… Ямартай ч бүгдээрээ олон жил уулзалдаагүй төөрөлдсөн ахан дүүс бие биеэ олсон юм шиг баярласан. Сайхан, гайхамшигтай мэдрэмж, түүхэн үйл явдал байсан. Энэ үйл явдлын гол эзэн нь өнөөдөр адлуулж буй Н.Түвшинбаяр. Манайхаас 30 дахин их хүн амтай Филиппин улс энэ жил Токиогийн олимпоос төрсөн анхны аваргаа ямар их хүндэтгэлтэй хүлээн авав. Тусгаар тогтнолыг нь бүрэн зөвшөөрөөгүй байгаа Косово улсаас мөн олимпын аварга төрөхөд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар их шуугив аа. Магадгүй тусгаар тогтнолыг нь зөвшөөрөх улсын тоо огцом нэмэгдсэн байх. Үнэ цэнэ нь ийм юм.

Нэгэн зүйл. 2008-8-14-ний өдрийн Монголын ард түмний баяр бахдал 1911 оны цагаагчин гахай жилийн 12-р сарын 29-ний өдрийн олон түмний баяр хөөртэй дүйх болов уу. Бусдын боол, босгоны зарц болж харийн дарлалд 220 жил талхигдсаны эцэст тусгаар тогтнолоо дахин сэргээн мандуулж, Богд хаант Монгол Улс байгуулагдсан тухай мэдээ сонссон монгол хүн бүр нүдэндээ нулимстай  баяр хөөр болж, хөлтэй нь дэвхцэн гүйж, хөлгүй нь мөлхөж, Нийслэл хүрээ рүү сүүн цацал өргөж байсан гэдэг. Гэтэл бид энэхүү үндэсний хувьсгалын удирдагч Богд хаанаа олон арван жил аль байдгаар нь яаж мууллаа. Одоо болохоор хөшөө дурсгал босгоод л...

Нэгэн зүйл. Түүх бол бидний багш. Бид бүгд л хугарах яс, нэр төртэй, урсах  цус хөлстэй, ухаарах, бас гэмших оюун ухаантай хүмүүс. Урвагч ноёдын уршгаар, бүр тодруулж хэлбэл тухайн үеийн хууль тогтоох байгууллагын дээд танхимын гишүүдийн санал хураалтаар дээр өгүүлсэн баяр хөөртэй байгуулагдсан төрөө сөнөөн устгах тухай тогтоол баталж байсан эмгэнэлт түүх бий.

Бас нэг түүх гэвэл, Богд хааныг гамингийн шоронгоос чөлөөлж бултуулан Туул голын мөсөөр гаталж Зайсан толгойн ам өгсөөд Богд уулын орой дээр Дугуй цагаанд амсхийлгээд цааш нь Манзушир хийдэд нууцалж хамгаалах чухал үйлсэд монгол лам, цэрэг, бас цөөн хэдэн төвд лам нар хамт явсан байдаг. Хожим тэнд хамт явсан, Богдод тусалж байсан нэг төвд лам хэрэгт холбогдож шийтгүүлэх болж. Үүнийг сонссон Богд хаан Ардын засгийн шүүх яаманд хандаж, урдын гавьяа тусыг нь бодоод ялыг нь хөнгөрүүлэх арга байна уу хэмээн учирлахад уг ламыг ялаас хэлтрүүлж байсан түүхтэй.

Нэгэн зүйл. Ялыг бусдад халдаах болон хавтгайруулж хэрэглэдэг бурангуй ёсыг Монгол Улс халаад 30 жил болж байна. Үүнийг шинэ Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн пактаар баталгаажуулсан. Улсынхаа алдар нэрийг тив, дэлхийд  цуурайтуулсан тамирчдад тэтгэлэг олгох Төрийн шийдвэрийг хүлээн авах ёслолд  хүрэлцэн ирсэн ахмад тамирчид, тухайлбал дэлхийн шөрмөстнүүдийг өвдөглөж явсан хошой аварга З.Ойдов баяр талархлын нулимсаа барьж чадахгүй байсныг бид бүгдээрээ телевизээр үзсэн. Уурын зууханд галчаар ажилладаг, ногоон даалимбан тэрлэг, цагаан ултай гар хийцийн гутал өмссөн Т.Артаг аваргыг хараад өр өвдөж байж билээ хэмээн нэгэн эрхэм ярьж байсан. Үнэндээ тамирчдад олгож буй мөнгөний мөнгөний хэмжээ Дархан руу явах олон жилийн ужиг замын замбараагүй зардал, тэнд зуурдаар нас барсан олон зуун хүний уй гашуу, хохиролтой харьцуулахад өчүүхэн зүйл. Тэд хөлс хүч, хөдөлмөрийнхөө үр шимийг, ард түмнээ баярлуулж, омогшуулсныхаа төлөө авч байгаа шагнал. 

Нэгэн зүйл. Их гүрний тасархай ч, тусгаар тогтнолын гал голомтоо бадрааж яваа манай Монголын тамирчид амжилт гаргахад дэлхийн дайдад цацагдсан атга шагай шиг садан монголчууд бас баярладаг юм. Тэд орших орон минь ондоо боловч омогших зүрх минь хамтдаа шүү гэж дуулдаг юм, уйлдаг юм, бас. 

Нэгэн зүйл. Төрийн аливаа хууль шийдвэр салхи шуурга гарах болгонд савлаад байж болдоггүй юм. Тийм савлагаатай байдал манай улсын хөгжилд саад болж байна. Н.Түвшинбаяр аварга ямар ч ял шийтгэл оногдуулсан гэсэн ялаа эдлээд гараад ирэх байх. Тэр үед түүнийг цагаатгая гээд гүйх хүн та л битгий байгаасай. Тамирчдын тэтгэлгийн тухай яриа нь нийт тамирчдыг гомдоох, хэлмэгдүүлэх санаачилга болчих вий. Туйлшрал хэзээ ч сайн үр дагаварт хүргэдэггүй.

Нэгэн зүйл. Гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг олон өнцгөөс дэнслэх, ямар ял шийтгэл оноох, түүний дотор УИХ-ын гишүүний санаа зовоод байгаа тэтгэлгийг хасах, торгох гэх мэт ямар ял шийтгэл оноох онцгой бүрэн эрх Үндсэн хуулиар зөвхөн хараат бус шүүхэд л бий. 

Ц.САЙНСАНАА

 

 

 

 

 

 

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.