Монгол Улс агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр жилд 300 хүнээ алдаж байна

Монгол Улс агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр жилд 300 хүнээ алдаж байна

Т.Эрдмаа 

Урин дулаан цаг ирж Улаанбаатарчууд утаа униараа мартчихлаа. Ядаж байхад энэ жил сонгуультай учраас “элий балай” зүйлсээр халуураад хэдэн хэсэг болж хэрэлдээд сошиал “дайн”-д мордож эхлэв. Уг нь жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэг шиг сонгууль болдгоороо болоод өнгөрнө. Өвөл ирж утаан хөшиг татах нь цаг хугацааны л асуудал. Тэгэхээр энэ сонгуулиар агаарын бохирдлыг шийдэж чадах үр дүнтэй бодлого хэрэгжүүлж чадах аавын хүү, ээжийн охин гараад ирдэг болоосой.  Үе үеийн эрх баригчид Улаанбаатарыг утаанаас салгана гэж тэрбум тэрбум төгрөг төсөвлөөд өнөөг хүртэл зарцуулж ирсэн  ч бахь байдгаараа. Харин засгийн эрх барьж ирсэн дарга нарын гэдэс л төмбийж дуу нь чангарч иргэдээ ул, өсгийгөөр нь дуудах болсныг бид мэднэ. 

Мэдсэн ч мэдээгүй юм шиг мэлэнхойлог /Меланхолик/  царайлж суудаг болсон ард түмэн гэхэд хилсдэхгүй. Яг л  нохой зассан эзэндээ янаг гэдэг шиг. Ийм ч учраас утаагүй зуух, шахмал түлшний  тухай уянгын халилд нь итгэсээр өдий хүрсэн билээ. 

Агаарын чанарын суурин харуулын энэ оны  нэгдүгээр сарын мэдээгээр хүхэрлэг хий 145 мкг/м3 буюу стандарт хэмжээнээс гурав  дахин, азотын давхар исэл 70 мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 1.4 дахин, том ширхэгт тоосонцор 130 мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 1.3 дахин, нарийн ширхэглэгт тоосонцор 114 мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 2.2 дахин их агууламжтай гарсан байгаа юм. Нарийн ширхэглэгт тоосонцрын PM2.5 –ын   /нэг шоо метрт агуулагдаж буй 2.5 микрометрээс бага диаметртэй нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ.  Энэ 2.5 микрометр нь 1 миллиметрийг 400 хуваасантай тэнцэнэ/  жилийн дундаж агууламж ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс долоо дахин их байна.

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг  2018 онд Засгийн газрын  тогтоолоор хориглосон.  Ингээд Улаанбаатар хотын   гэр хорооллын 200 гаруй мянган  айл өрх  сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон билээ. 

Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарт хаягдах тоос, тоосонцрын агууламжийг бууруулах тал дээр тодорхой хэмжээгээр ахиц гарсан  гэж албаныхан ярьдаг. Гэвч яг ямар ахиц гарсан талаар тодорхой мэдээлэл  хараахан байхгүй. 

Харин ч шахмал  түлшинд агуулагдах хүхрийн агууламж Багануурын уурхайн нүүрстэй харьцуулахад 2-3 дахин өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон. 

Агаарын чанарын суурин харуулын мэдээгээр агаар дахь бохирдуулагч бодисын агууламж стандарт хэмжээнээс 1.4-3 дахин их байгаа нь түлшний түүхий эдийн чанар муу байгааг илтгэж буй аж. Гэтэл шахмал түлшний чанарыг сайжруулах талаар эрх баригчид дарга нар юу ч хийсэнгүй. Эрдэмтэн судлаачдын үг, ажлыг  ч тоохгүй бүхнийг мэддэг, чаддаг дарга нар л олширсон. Ийм учраас агаарын бохирдлоос гадна Улаанбаатар хотод шийдэх ёстой олон асуудал хуримтлагдсаар өнөө хүрснийг бид бэлээхэн мэднэ. 

Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь амьдарч байна гэдэг. Тэгвэл тэд жил бүрийн аравдугаар сараас дөрөвдүгээр  сар хүртэл хамгийн их бохирдолтой агаараар амьсгалан амьдарч байгаа судалгаа бий. Тодруулбал,  энэ хугацаанд азотын давхар исэл, хүхэрлэг хий, угаарын хий  стандартад заасан  хүлцэх агууламжаас давж буйг дээр дурдсан билээ. За та нар  урин цагтай золгож утаа униараас салав уу гэлтэй   тоос, тоосонцор залгаад авна.  Дулааны удиралд шахмал түлшний дутуу шаталтаас үүдсэн тоосонцор, авто зам, барилгын ажил, үерийн уснаас үүссэн сул тоос, шороо хамрын нүхээр ханхийтэл чихнэ. 

Тэгэхээр  жилийн бүхий л улиралд бид агаарын чанарын стандартаас давсан бохирдлоор амьсгалж байгааг судлаачид болон хэмжих багажууд тов тодорхой  хэлж буй юм.

Агаарын бохирдол хүн амд хорт хавдар, сэтгэцийн өвчин “бэлэглэдэг”

Агаарын бохирдол  хүн амын эрүүл мэндэд маш олон төрлийн өвчлөл, өөрчлөлт “бэлэглэж” байна. 
Тодруулбал, элдэв төрлийн элдэв төрлийн хавдар, халдварт өвчин үүсгэхээс гадна сэтгэцийн ноцтой өөрчлөлт үүсгэж байгаа нь судалгаагаар баттай нотлогдсон. 

Монгол Улсад агаарын бохирдол нь хүн амын дунд амьсгалын зам, уушги, гуурсан хоолой, зүрх судас, дархлааны тогтолцооны өвчлөл, хорт хавдар үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болжээ. 

Эрүүл мэндийн байгууллагуудын 2021 онд хийсэн  “Амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” судалгааны баримтыг сонирхъё. Уг судалгаанд  дурдсанаар Монгол Улсад хавсарсан байдлаар нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод байна. Тухайлбал, нийт хүн амд тархсан уушгины хатгалгааны 18, уушгины архаг бөглөрөлт өвчний 13.3, зүрхний шигдээс өвчний 31.4, тархины судасны өвчний 31 хувьд нь агаарын бохирдол нөлөөлдөг болохыг тогтоожээ. 

Насны ангиллаар нь аваад үзвэл агаарын бохирдолд 65-аас дээш насны өндөр настан, 0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, архаг, суурь өвчтэй хүмүүс илүү өртөж байна. 

Монгол Улсад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байгаа судалгаа гарчээ.Үүнийг Монгол Улсын амтай харьцуулан тооцвол дайн байлдаантай улс орноос ч илүү хүн амаа агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр цаг бусаар алдаж байна гэсэн үг. Тодруулбал, жилд агаарын бохирдлын улмаас амь насаа алдаж буй хүний  240 нь 0-5 хүртэлх насны хүүхэд байгаа  юм. Өөрөөр хэлбэл бөгөөд 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн гол  шалтгаан нь  уушгины хатгалгаа  аж. Жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолд өртсөнөөр эхийн хэвлийд бойжиж байгаа хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх болон  мэс ажилбар хийлгэж, үр хөндөхөд хүрэх болжээ. Энэ хэрээр ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин их тохиолддог байна. Тэгвэл 11, 12, 01 сард жирэмсэлсэн эмэгтэйчүүд 05, 06, 07, 08 сард дутуу төрөх магадлал өндөр байгаа нь аж. Мөн Улаанбаатар хотын 0-18 насны эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 42.4 хувь нь хатгалгаанаас болж эмнэлэгт хэвтсэн байна. Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд архаг бронхит, астма зэрэг хүнд өвчтэй болжээ. Эдгээр хүүхдийг эмчлэхэд жилд  10 тэрбум гаруй төгрөг зарцуулж байсан бол 2025 онд 24.8 тэрбум төгрөгт хүрэх тооцоо гараад байгаа юм.   

Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5-ын хэмжээ нэг нэгжээр нэмэгдэхэд 0-5 насны хүүхдийн томуу, уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо 15 хувиар нэмэгдэж байгаа юм.

Уг бодисын  агууламжийг  200 мкг/м3–ээр бууруулж чадвал  хүйтний улирлын амьсгал, зүрх, судасны шалтгаант нас баралтыг 28 хувиар багасах  боломжтой хэмээн  судалгаагаар тогтоожээ.

Харин өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгджээ. Тухайлбал,   10 мянган хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7 дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн өвөл Улаанбаатар хотын утаа маш их байсныг бид мэднэ. Хүүхдүүд ханиад томуу тусч, иргэдийн өвчин хүндэрч эрүүл мэнд, эдийн засгийн хохирол нийтээрээ маш их  амссан.  Иймээс  иргэд Улаанбаатар хотод түлж байгаа сайжруулсан шахмал түлшийг шинжилгээнд өгч, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөхүйц хорт нэгдэл агуулж байгаа эсэх, стандарт чанарын шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдгийг олон улсын хөндлөнгийн шинжээч, лабораториор шалгаж тогтоох ёстой хэмээж буй юм. 

Үүнээс гадна сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс шалтгаалж угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдол жил бүр өссөөр байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн долоон жилийн хугацаанд угаарын цочмог хордлогын  9009 тохиолдол бүртгэгдсэн байна. Тандалтын тоон мэдээг харахад жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа аж. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн  мэдээллээс үзвэл  2017-2023 оны байдлаар 103 хүн угаарын хийд хордож нас баржээ. Хамгийн сүүлд л гэхэд сар хүрэхгүйн өмнө Сонгинохайрхан дүүрэгт  нэг айлд  10 хүн угаартсан аймшигт явдал болсон. Мөн саяхны цасан шуурганаар Сонгинохайрхан дүүргийн  Баруун салаанд ээжтэйгээ амьдардаг 6-р ангийн хүү  гэртээ угаартаж нас барсан. Ээж нь эмнэлэгт одоо болтол ухаангүй байгаа гэсэн мэдээлэл гарч буй юм.

Зуух яндан, түлштэй зууралдаж хамаг санхүүжилтээ гөвсөөр байх уу

Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнд 2008-2018 онд улсын төсвөөс 147 тэрбум гаруй төгрөг, 60.7 сая ам.доллартой тэнцэх хэмжээний гадаадын зээл тусламжийн хөрөнгийг зарцуулжээ. Үүнээс гадна 2017-2020 онд нийт 456  тэрбум төгрөг зарцуулсан тооцоо бий. Гэвч агаарын бохирдол арилсангүй. Харин ч хоруу чанар нь нэмэгдэж өвчлөл өссөөр. 

Ялангуяа, өвлийн улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ  стандартаас давж хэт ихсэж, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар, эдийн засаг, нийгмийн сөрөг нөлөө үзүүлж  байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа  авто тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, дөрвөн  хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай овоолсон  хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна.

Үндэсний аудитын газраас  “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө”-г судалж дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтэд дээрх хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт сул, салбар дундын оролцоог хангаж ажиллаагүйгээс төлөвлөсөн арга хэмжээний 67.8 хувь нь хэрэгжээгүй  хэмээн дурджээ. Аудитын дүгнэлтийн мөрөөр хэрэгжүүлэх 14 зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн байдаг. Гэвч  өнөөг хүртэл  түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар нэгдсэн мэдээлэл тодорхойгүй байна.

Судлаачдын үзэж буйгаар Монгол улсад агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Энэ мөнгө бол манай улсын нэг жилийн төсвийн бараг тал хувь нь юм. Гэхдээ сүүлийн арван жилийн хугацаанд агаарын бохирдол бууруулахад зарцуулж ирсэн мөнгө санхүүгийн тооцоог бүрэн дүүрэн хийгээгүй л байна. Тэгэхээр ийм хэмжээний мөнгө шийдвэрлэж, санхүүжилт олж  чадлаа ч гэсэн үр дүн гарахгүй л болов уу. Учир нь жил бүр л агаарын бохирдол бууруулах санхүүжилтийг улсын төсвөөс хуваарилдаг хэдий ч зөвхөн зуух яндан, түлштэй зууралдсаар ирсэн. Үүний тод жишээ нь эхний цас орохтой зэрэгцээд “Яндангаа хөөлье, Зуухаа засъя” зэрэг аян, сурталчилгаа хийхээс хэтрэхгүй байгаа явдал юм. Үүнээс өөр арга хэмжээ төлөвлөх, бодлого хэрэгжүүлэх ухаан, сачий үе үеийн эрх баригчдад дутсаар ирсний горыг бид өнөөдөр амсаж суугаа билээ.   Агаарын чанар нь хүний амьд явах суурь эрх, улс орны аюулгүй байдлын үүднээс нэн тэргүүнд эрэмбэлж шийдвэрлэх, шинжлэх ухаанч тооцоо судалгаа, туршлага, сургамжид тулгуурлан цаашид шийдвэрлэх замын зураг гаргаж, урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх бодлогоо  тодорхойлох нь тулгамдсан, хойшлуулшгүй асуудал болоод байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны дөрөвдүгээр сарын 25. Пүрэв. №042 (5960)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ