"Монгол Улс шатахуун импортлогчдын хараат болсон"

Шатахууны үнийн өсөлт, чанар, стандартын талаар Шатахуун хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийлээ. Тодруулбал, шатахууны үнийг зах зээлийн горимд шилжүүлж чөлөөлсөн нэрийдлээр үгсэн хуйвалдаж үнэ нэмж цөөн хэдэн импортлогч компаниас хараат байгааг хөндөв. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг хэрэглэгчдэд нийлүүлж иргэдийн машин, техник эвдэрсэн гомдлууд ирж байна гэсэн юм.

Энэ талаар Монголын шатахуун хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Төр шатахууны чанар, стандартад хяналт хийж чадахгүй байна. Шатахуунтай холбоотой асуудлаар жил бүр ажлын хэсэг гарч шалгалт хийдэг ч үр дүн гардаггүй. Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн хаанаас, ямар замаар орж ирж байгааг холбооноос судалсан. Орон нутгийн хэлэлцээрээр Ховд, Баян-Өлгийн хяналт, шалгалт сул орон нутгийн боомтуудаар гарал, үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг оруулж ирж байгааг тогтоосон. Тэгэхээр гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун орон нутгийн боомтуудаас Улаанбаатар хот руу зөөгдөж байгаа нь чанаргүй шатахууны эх уурхай болж байна гэж холбооны зүгээс хардаж байгаа юм. Гэхдээ энэ оны гаалийн мэдээний дүнгээр нефтийн нэмэлт бүтээгдэхүүн хилээр нэвтэрсэн хэмжээ 30-40 дахин буурсан үзүүлэлттэй байна” гэв.

Монголын шатахуун хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос импортлогчид шатахууны үнийг буулгах, шатахууны чанарыг сайжруулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хангах талаар ажилладаггүй ч өөрсдийн талд төрийн бодлого, шийдвэрийг гаргуулж байгааг шүүмжилсэн юм. Мөн импортлогчдын төрөөс эдэлж буй хөнгөлөлттэй, таатай нөхцөлийг хэвлэлийн хурлаар дурдав. Тодруулбал, 2015 оны Засгийн газрын тогтоолоор хилийн аль боомтоор оруулахаас хамааран нефтийн бүтээгдэхүүн, шатахууны онцгой албан татварыг тэглэсэн, татваргүй оруулах боомтуудын тоог 2018 оноос нэмэгдүүлсэн аж. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн шатахуун импортлогчдод зориулан Засгийн газар, Монголбанк хэрэгжүүлж 2012-2016 оны хооронд 167 тэрбум төгрөгийг үнийн алдагдлын зөрүүнд авсан. Мөн өнгөрсөн сард Үнийн зөвлөл хэлэлцэж шатахууны үнийг чөлөөлснөөр импортлогчид алдагдлаа иргэдийн халааснаас нөхөх шийдвэрийг гаргасан зэрэг шатахуун импортлогчдод ашигтай шийдвэр гаргасан гэж дурджээ.

Түүнчлэн шатахууны октаныг олон улсын стандартын дагуу моторын шаталтын аргаар шалгаж үздэг. Манай улсын хувьд 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газар дээр тухайн хэмжигчтэй лабораторийг байгуулсан ч мэргэжлийн хүн, техник, хэрэгслийн дутагдалтай гэсэн шалтгаанаар ажилладаггүй гэдгийг хэлж байв. Тиймээс хэрэглэгчдийн эрх ашгийг импортлогчдын эрх ашгаас дээгүүр тавьж үнийн мэдээллийг ил тод болгож үүсээд буй нөхцөл байдлыг төрөөс шийдвэрлэхийг шаардлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.24 БААСАН № 253 (6730)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.