Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэж байна

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэж байна

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Тэрбээр "УИХ-аас нийслэлийн төсвийн нийт орлогыг 1 их наяд 537.8 тэрбум төгрөг, суурь орлогыг 1 их наяд 400.3 тэрбум төгрөг, суурь зарлагыг 866.9 тэрбум төгрөг, төсвийн тухай хуулийн 56.2.2 дахь заалтын дагуу нийслэлийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг болох 160 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр заасан. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулахад 420 тэрбум төгрөгийг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийг батлагдсан түвшнээс 4.5 тэрбум төгрөгөөр бууруулж 28.6 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан" гэлээ. 

Хуульд заасны дагуу нийслэлийн төсвийн төсөлд иргэдийн саналыг авч, тусгажээ.  2021 онд нийслэлийн төсвийн гүйцэтгэл нь зарим нэр төрөл дээр тасарч байгааг мөн дурдаж байлаа. Ковид-19 цар тахлын улмаас цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ 43.7 тэрбум, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 11.5 тэрбум, газрын төлбөр 33.8 тэрбум, нийслэл хотын татвар 1.9 тэрбум, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 1.3 тэрбум төгрөгөөр тасалджээ. Харин газрын дуудлага худалдааны орлого 12.5 тэрбум, хүү торгуулийн орлого 18.2 тэрбум төгрөгөөр даван биелжээ.

Нийслэлийн 2022 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь ирэх оноос аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь, хувь хүний орлогын тодорхой хувь нийслэлийн төсөвт үлдэх болсон зэрэгтэй холбоотой аж. Ирэх онд 847.3 тэрбум төгрөгийг 270 төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Энэ нь санал болгосон нийт төсөл арга хэмжээний 28 хувь нь юм. 2021 онд ердөө 115 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байжээ.

НИТХ-ын төлөөлөгч нар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөлтэй танилцаж, шаардлагатай асуултдаа хариу авлаа. Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг НИТХ-ын хороод болон ажлын албад нарийвчлан хэлэлцэх юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.