Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00:00 цагт өндөрлөнө

Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00:00 цагт өндөрлөнө

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөө шөнө 00 цагаас өндөрлөнө. 2020 оны сонгуулийн сурталчилгаа 21 хоногт буюу нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан зургаадугаар сарын 2-ноос эхэлж санал авах өдрөөс хоёр хоногийн өмнө 00:00 цагаас зогсох хуультай.

Харин УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-ний өдөр улс орон даяар явагдана. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийг 29 тойрог, 76 мандаттайгаар зохион байгуулж 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нийтдээ 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нийт нэр дэвшигчдийн 378 нь орон нутгийн тойргуудад өрсөлдөж байгаа бол одоогийн УИХ-ын гишүүдээс 52 нь сонгуульд нэр дэвшээд байна.

Өнгөрсөн 21 хоногт нэр дэвшигчид сурталчилгааны материал тараах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зурагт самбар байршуулах, намын далбааг гудамж талбайд байрлуулах, сонгогчидтой уулзалт хийх, ухуулах байр ажиллуулах, радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлэг явуулах, цахим хуудас ашиглах зэргээр сурталчилгаагаа явууллаа. Энэ удаагийн сонгууль онцгой нөхцөл байдалд буюу цар тахлын үед явагдаж буй учраас "COVID-19"-ийн халдвараас сэргийлэх журмыг Улсын онцгой комиссоос баталсан. Журамд сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг аль болох цахим хэлбэрээр зохион байгуулахаар тусгасан.

Хэрвээ цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн оролцогч хүн хоорондын зай 1,5 метрээс доошгүй байхыг анхааруулж байв. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа гаргах өдөр зургаадугаар сарын 21 буюу өчигдрөөр дууслаа.

Хуулийн дагуу сонгуулийн зардлын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх ёстой. Сонгуулийн сурталчилгааны явцад Тагнуулын ерөнхий газарт иргэний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 89 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс нь 80 нь гэмт хэргийн шинжтэй, ес нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Тэгвэл сурталчилгаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1118 дуудлага мэдээлэл иржээ. Үүний 518 нь нийслэлд, 600 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.