Тэмцэгчээс тэрбумтан...

Тэмцэгчээс тэрбумтан...
Магнай улс төрийн карьерээ гудамжны тэмцлээс эхэлж байсан. Шар зангиатай түүний дүр төрхийг одоо ч тод санаж байна. Авилгалд идэгдсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн улстөрчид, албан тушаалтнуудын эсрэг тэмцэж байлаа. Нийгмийг түүчээлж жагсаж цуглаж явсан жагсагчид өдгөө  Ардчилсан намаас нэр дэвшиж явна. Өнөөдрийн энэ дүр төрхийг харахад нийгмийг өөрчлөх хүсэл эрмэлзэл тэднийг гудамжинд жагсахад хүргэсэн үү, эсвэл олон танил болох замаа засах нэг гишгүүр байв уу гэж бодогдоно. Түүний жагсагчийн түүх 2008 оны долдугаар сарын нэгний түүхэн хар өдрөөр дуусгавар болсон.
 
Шударга сонгуулийн эсрэг тэмцсэн энэ тэмцэлд О.Магнай тэргүүтэй жагсагчид олон арван залуучуудыг өдөөн турхирч байсан. Таван монгол хүний амь эрсдэж, залуучууд олноороо баривчлагдаж байлаа. Өдгөө Ардчилсан намын улстөрч О.Магнайгийн тэмцлийн зорилго нь улстөрчдийн эгнээнд жагсаж, эрх мэдэлд хүрэхээр зорьсон нь харагдана. Гудамжинд хийхийг хүссэн тэмцлээ улстөрчийн замналаар сольж, нийгмийн реформд хувь нэмрээ оруулахыг хүссэн гэж О.Магнай нэгэнтээ тайлбарласан нь бий. Тэрээр хоёрдахь удаагаа УИХ-д нэр дэвшиж явна. Өмнөх сонгуулийн ялагдлаа мөнгөтэй холбон тайлбарласан.
 
Тиймээс энэ удаа тэрээр мөнгөнд ач холбогдол өгчээ. Ардчилсан намын нэр дэвшигчийн 100 сая төгрөгийн дэнчингээ ресторанд найзууд нь цуглуулж өгсөн гэж мэдэгдсэн. Энэ мөнгөний тоо бага биш. Хэдий найзууд нь ч гэлээ тэрээр багагүй мөнгө авч байгаагаас харахад бусдын нөлөөнд орох, тэднийхээ эрх ашигт үйлчлэх нь нэгэнт тодорхой. Мөн О.Магнайг тойрсон багагүй дүнтэй иргэний хэрэг маргааны сураг сонсогдов. Тэрээр дөрвөн тэрбум биш, долоон зуу гаран сая төгрөгийн асуудал гэж тайлбарлав. Тэгсэн хэдий ч  үүнийхээ эх үүсвэрийг тодорхой хэлээч гэсэн сэтгүүлчийн асуултанд хариулсангүй. Тэрээр хаанаас ийнхүү хөрөнгөжсөнөө тодорхой тайлбарлахыг олон нийт хүлээж байна.  О.Магнай сонгуулийн санхүүжилтээ хаанаас авч хийхээ тодорхой хэлээсэй гэсэн хүсэлт байна. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.