Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуулиуд дөрөв, тавдугаар сарын бямба гарагт хичээллэнэ

Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуулиуд дөрөв, тавдугаар сарын бямба гарагт хичээллэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы хугацааг сунгахаар болсон билээ. Тэгвэл Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Гуравдугаар сарын 2-ныг хүртэл боловсролын байгууллагын үйл ажиллагааг хориглосонтой холбоотойгоор хичээлийг телевизээр болон онлайн хэлбэрээр зааж байгаа. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтраад нэлээд шахуу хөтөлбөртэй ажиллалаа. 18 телевизийн сувгаар 12 анги болон цэцэрлэгийн хичээлийг заасан. 402 удаагийн 6650 цагийн 40 төрлийн хичээлийг 170 багш заасан.  Хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулахад тусалсан хэвлэл, мэдээллийн байгууллагынхандаа талархаж байгаагаа илэрхийлье. 

Эцэг, эхчүүд, багш, сурагчдын хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд нэлээд сайжирч, зүгширч байна. Багш нар яаж хичээлээ заах уу, эцэг, эхчүүд яаж хяналт тавих гэдэг нь илүүтэй зүгширч, хамтын ажиллагаа сайжирсан гэж үзэж байна. Казах, Тува хэлээр хичээлийг хөрвүүлж, орон нутгийн болон үндэсний телевизээр гаргасан. Бүх хичээлийг дохионы хэлээр орчуулж байгаа гэдгийг бас хэлье.  Энэ бүхэнтэй холбоотой гарч буй зардлыг сайдын багцаас өгч байгаа. Багш нар авах ёстой цалин мөнгө, нэмэгдлээ авч байна. 

Сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг дахин дөрвөн долоо хоногоор хориглохоор боллоо. Тиймээс тодорхой зохицуулалтуудыг хийнэ. Тухайлбал, хичээл тарах, элсэлтийн ерөнхий шалгалт, их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх хугацааг хойшлуулахгүй гэж шийдсэн.  Мөн гуравдугаар улиралд 7 хоног амрах ёстой байсан. Тэгвэл хавар хүүхдүүдийг амраахгүй байхаар шийдлээ. Үндсэндээ гуравдугаар сар дуустал хөл хориотой байх учраас дөрөв, тавдугаар сард амралтгүй хичээллэнэ. Мөн дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэнэ. Үндсэндээ 8 долоо хоногт хичээллэх юм. Төгсөлтийн шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлнэ.  Энэ маягаар 4 долоо хоногийн хичээлийг нөхөх боломжтой гэж үзэж байна. 

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл теле хичээлийг заана. Цагаан сарын өдрүүдэд иргэний боловсрол, ёс зүйтэй холбоотой хичээлийг өдөр болгон заахаар бэлтгэж байна.  Цэцэрлэгийн болон ЕБС-ийн 1-5 ангийн сурагчид зургадугаар сарын 1-ээс.  6-12 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 8-ны өдрөөс амарна.  Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8-11-ий өдрүүдэд зохион байгуулна.  Их, дээд сургуулийн элсэлтийг  зургадугаар сарын 15 гэхэд дуусгасан байхаар төлөвлөж байна. Их, дээд сургуулиуд ч гэсэн зургадугаар сарын эхээр амарсан байхаар төлөвлөж байгаа. 

Спорттой холбоотой бүхий л үйл ажиллагааг цуцалсан. Гуравдугаар сард болох байсан олон улсын хоёр тэмцээнийг цуцалсан. Үндэсний шигшээ багийн тамирчид олимпын эрх авах оноо цуглуулах тэмцээнд оролцохоос бусад тэмцээнд тамирчдыг оролцуулахыг хориглосон. Соёл урлагийн байгуулагууд дотоод үйл ажиллагаагаа явуулж байна. Шинжлэх ухааны байгууллагууд мөн адил. Шинжлэх ухааны байгууллагууд 0-5 хүртэлх насны хүүхэдтэй ажилчдынхаа өдрийн ажлын цагийг 5 болгож бууруулсан. Тодорхой хэмжээнд цалинтай чөлөө олгох чиглэлийг барьж ажиллаж байна. 

Үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хоолны мөнгөнөөс тодорхой хэмжээний төсөв хэмнэгдэж байгаа. Энэ хэмнэлтийг зөвхөн салбартаа, тухайлбал багш нарын илүү цагийн хөлсөнд. Дээрээс нь, зөвхөн тухайн байгууллагад шаардлагатай ариутгал, халдваргүйтлийн бодис авахад зарцуулах ёстой. Үүнээс өөр зүйлд зарцуулж болохгүй. Тэгвэл Төсвийн хууль зөрчсөн болно шүү гэдгийг сануулъя" хэмээлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.