ОХУ-тай хамтран ажиллах 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

ОХУ-тай хамтран ажиллах 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Энэхүү айлчлал нь “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г байгуулж стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй өчигдөр ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцжээ. Улмаар хөрш орнуудын Засгийн газрын тэргүүнүүд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын 12 баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Тодруулбал,

 “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”

“Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын  Гадаад хэргийн яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”

“Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын  Тээврийн яам хоорондын хэлэлцээр”

“Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Оросын Холбооны Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг”

 “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”

 “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон  Оросын Холбооны Улсын  Аж үйлдвэр, худалдааны  яам хоорондын санамж бичиг”

 “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оросын Холбооны Улсын  “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ”

 “Зүүнбаян-Таван толгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”

 “Монгол Улсын "Эрдэнэс Монгол" ХХК ба Оросын Холбооны Улсын “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Стратегийн түншлэлийн тухай санамж бичиг”

 “Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Оросын Холбооны Улсын  “Русская кожа” хувьцаат нийгэмлэг хоорондын санамж бичиг”

“Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банк ба ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

“Очир Гэгээн Сүндэр” ХХК болон “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

Үүний дараа Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүд хэвлэл мэдээллийнхэнд зориулан товч мэдээлэл хийсэн байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхах бөгөөд өнөөдөр болох “Монгол-Орос Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.