Доналд Трамп: “Монгол гайхалтай тэмцэгч иргэдтэй улс”

Доналд Трамп: “Монгол гайхалтай тэмцэгч иргэдтэй улс”

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долоодугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ.

Төрийн тэргүүнийг Цагаан ордонд хүрэлцэн ирмэгц АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп угтан мэндчилж, Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийхээр Цагаан ордны “Зууван” танхим буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлын өрөөг зорьсон юм. Доналд Трамп: “Монгол гайхалтай тэмцэгч иргэдтэй улс”

Доналд Трамп: “Монгол гайхалтай тэмцэгч иргэдтэй улс”

Ганцаарчилсан уулзалт 40 орчим минут үргэлжилсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Монголыг гайхалтай тэмцэгч иргэдтэй улс хэмээн боддог” гээд ганцаарчилсан уулзалтаар Монголын ноолууран бүтээгдэхүүний талаар гайхалтай яриа өрнүүлсэн, холбогдох албаны хүмүүсдээ үүрэг, чиглэл өгч энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцана гэсэн юм.

Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсанбөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ, мөн хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа баттай илэрхийлж, дэмжлэг хүссэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хэлэлцээний үеэр хоёр улс батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллаж байгаа хэдий ч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа муу байгаад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Эдийн засгийн харилцааны дээрх асуудлаар хоёр тал үргэлжлүүлэн ярилцахын зэрэгцээ Монгол-АНУ-ын анхны дипломат харилцааны түүхийн талаар халуун дотно яриа өрнүүлж, хэлэлцээний төгсгөлд Монгол Улс, АНУ стратегийн түншлэлийн тухай тунхаглал гаргахаар боллоо.

Уулзалтын үеэр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс АНУ нь Монгол Улсын гуравдагч түнш байгаад, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин Афганистан улсад энх тайван тогтоох үйлсэд гар бие оролцож байгаа явдалд онцгойлон талархал илэрхийлсэн юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.