НУТГИЙН АЛДАРТНУУД ШАГНАЛАА ГАРДЛАА

НУТГИЙН АЛДАРТНУУД ШАГНАЛАА ГАРДЛАА

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж нэг бүхий хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнасныг өнөөдөр /2019-07-08/ гардууллаа. 

Төр, түмнийхээ төлөө хөдөлмөр, зүтгэл, авьяас билгээ харамгүй зориулж төрдөө үнэлүүлсэн эрхмүүдийн нэг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Нацагийн Жанцанноров Хөдөлмөрийн баатар хэмээх өндөр дээд цолын эзэн боллоо.

Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойг бид энэ онд тэмдэглэж байгаа. Энэ байгууллагын анхдагчдын тоонд зүй ёсоор нэрлэгддэг Балжиннямын Жамъян гуай маань 88 насандаа Монгол Улсын гавьяат эдийн засагч боллоо. Б.Жамъян гуай манай Хайрхандулааны хүн.

Ерөнхийлөгчөөс Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоо гардсан Сосорын Пүрэв гэж энэ эрхэм хүнийг танихгүй хүн манай говийн сумдад лав ховор. Богд, Төгрөг, Баруунбаян-Улаан сумдад нэгдлийн дарга, ерөнхий санхүүчээр 40 шахам жил ажилласан тэрбээр АИХ-ын депутатаар сонгогдож Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж явсан. Өдгөө Гучин-Ус сумандаа амьдарч буй Пүрэв гуай энэ жил 85-тай.

Өвөрхангайгаас төрсөн отгон гавьяат Энхболдын Анхбаяр дэлхийд Монголын сонгодог урлагийг сурталчилж яваа хүлээн зөвшөөрөгдсөн дуучин. Бүрд сумын уугуул энэ залуу хамгийн сүүлд буюу ердөө хэдхэн хоногийн өмнө дуурийн дуучдын хамгийн том сорилго П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаанаас IV байрын шагнал хүртээд ирсэн юм.

Ийм сайхан алдартнуудаар бахархсан өнөөдөр тун сайхан өдөр байлаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.