Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав

БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтлаа.

Төрийн тэргүүнийг Ардын Их хурлын талбайд хүрэлцэн ирмэгц БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтан мэндчилж БНХАУ-ын талаас угтах ёслолд оролцож буй өндөр, дээд албан тушаалтнуудыг танилцуулав.

Мөн хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийхээр Ардын Их Хурлын ордныг зорилоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслолын дараа хоёр орны тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийв.

 

 

Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Ноён Ерөнхийлөгч тантай гурав дахь удаагаа уулзаж байна. Тиймээс бид хуучны найзууд болсон. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 25 жилийн ой тохиож байна. Хятад, Монгол уул усаараа холбогдсон хөршүүд. Бидний энэ удаагийн уулзалт хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпин таны урилгаар Төрийн айлчлал хийж,  таны санаачилсан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож,  тантай гурав дахь удаагаа уулзаж, 70 жилийн хамтын ажиллагаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, цаашдын зорилт чиглэлээ тодорхойлоход бидний энэ уулзалт хоёр орны хооронд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хамтдаа бүтээх, харилцан ашигтай хамтдаа хөгжих, хамтдаа үр ашгаа хүртэх уриан дор болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт үр дүнтэй болно гэж найдаж байна. Чуулга уулзалтад амжилт хүсье” гэсэн юм.    

Албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийж буй Төрийн айлчлалын хүрээнд байгуулсан баримт бичгийн жагсаалт:

  • Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө
  • “Хөгжлийн зам” болон “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол, Хятадын үзэсгэлэн зохион байгуулах тухай Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Хятад улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн менежментийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын тохиролцоо
  • Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ЗТХЯ, БНХАУ-ын Зам тээврийн яам хоорондын протокол
  • Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн солилцох захидал

Ийнхүү хоёр орны тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурснаар Ерөнхийлөгч Х.Баттулгын тус улсад хийж буй Төрийн айлчлалын үндсэн хэсэг өндөрлөлөө.

Харин үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Үндэсний спортын төвд зочилж, Монгол, Хятадын жүдо бөхийн тамирчдын хамтарсан үзүүлэх тоглолтыг сонирхох юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.