Ж.Ганбат: ТАХ-ын цалинг бууруулахад гурван тэрбум төгрөг хэмнэнэ

Ж.Ганбат:  ТАХ-ын цалинг  бууруулахад гурван тэрбум төгрөг хэмнэнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнбат болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар өчигдөр мэдээлэл хийхдээ төрийн албан хаагчдын цалинг бууруулж, төсөвт хэмнэлт хийнэ хэмээн мэдэгдсэн. Энэ талаар Сангийн яамны төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатаас тодрууллаа.

-Ерөнхий сайд  төрийн албан хаагчдын цалинг бууруулах гэж байгаа талаар мэдэгдсэн. Ямар албан тушаалтнуудын цалинг хэдэн хувиар  бууруулахаар болов?

-Сангийн яамаас төсвийн тодотгол боловсруулж байгаа. Төрийн өндөр болон улстөрийн албан тушаалтнууд, яамд, агентлагийн удирдах албан тушаалтнуудын цалинг тодорхой хувиар  бууруулах  тухай асуудал яригдаж байна.  Асуудлыг ойрын үед Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ.  Орон нутгийн  Засаг болоод   ИТХ-ын дарга нар, нийслэлд агентлагийн даргаас дээш албан тушаалтнууд энэ хэмнэлтэд хамрагдана гэсэн үг. Харин эдгээрээс доош  төвшний төрийн албаныхны цалин хөндөгдөхгүй байх үүргийг Ерөнхий сайдаас өгсөн. Улстөрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь,  төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувиар тус тус  бууруулна.

-Ийнхүү төрийн албан хаагчдын цалинг буурууллаа гэхэд төсөвт  хэчнээн төгрөг хэмнэж чадах вэ?

-Энэ оны хувьд нийлээд гурав орчим тэрбум төгрөг, ирэх жилд найм орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ.

-Цалин бууруулахаас гадна үйл ажиллагааны зардлыг бууруулах асуудлыг ярьж байсан?

-Тэвчиж болох бүх зардлыг бууруулна. Үүнд гар утас, тээвэр шатахууны зардлыг бууруулж, тавилга эд хогшлыг худалдаж авахыг зогсооно. Урсгал засварыг бууруулна. Зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулах арга хэмжээг авна. Гар утасны зардлаас  гэхэд жилдээ 100-200 сая төгрөг хэмнэнэ.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.