Д.Сумъяабазар: Шатахууны импортын татварыг тэглэснээ эргэн харна

Д.Сумъяабазар: Шатахууны импортын татварыг тэглэснээ эргэн харна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой Гашуунсухайт авто зам дээр үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрбээр “2017 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын 320 дугаар тогтоолоор уртын тээвэр, богино тээвэр гэж зохицуулахаар шийдсэн. Үүний дараа нөхцөл байдал сайжирч, 110 км үүсээд байсан урт цуваа 30 орчим км болж буурсан. Мөн өвлийн улиралд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын нийгмийн асуудалд ч анхаарсан. Харин зуны цагт хэд хэдэн удаагийн үер бууж, дөрвөн чиглэлд хүндрэлтэй байдал үүсгэсэн. Иймд энэ чиглэлийн авто замыг дөрвөн хэсэг болгон, засвар шинэчлэлийг хариуцаж ажиллаж байна. Цаашид уртын тээврийг дэмжиж, олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулах ёстой. Үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдэх зорилгоор Засгийн газрын зүгээс хэд хэдэн тогтоол гаргаад, ажиллаж байна” гэв.

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Тавантолгойн 30 хувьд IPO босгох ажил ямар шатандаа байна вэ?

-IPO босгох төсөл дээр нэлээд шуурхайлан ажиллаж байгаа. Оны сүүлээр УИХ-д танилцуулна.

-Тавантолгой ордын нөөцийн үнэлгээг 2010 онд хийсэн. Одоо IPO босгох асуудал яригдаж байгаа учраас дахиж нөөцийн үнэлгээ хийх үү. Энэ ажил юу болж байгаа бол?

-2010 онд АНУ-ын компаниар нөөцийн үнэлгээг бүрэн гүйцэт хийлгэсэн. Одоо нөөцийг баталгаажуулах ажил хийгдээд явж байгаа.

-Засгийн газрын зүгээс шатахууны импортын татварыг тэглэх шийдвэр гаргасан ч зах зээл дээр шатахууны үнэ өссөөр байна. Үүнийгхэрхэн зохицуулах ёстой вэ. Цаашид ингээд өссөөр байх уу?

- Шатахууны үнэ олон зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал, Ираны хориг, Турк улсад үүсээд байгаа нөхцөл байдал дэлхийн зах зээлд нөлөөлж байна. Засгийн газрын зүгээс татварын зохицуулалт хийх асуудлыг нэлээд сайн ярилцаж, ОУВС-тай зөвшилцөж байж дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхээр болоод хэлэлцэх асуудлаас долоо хоногоор хойшлууллаа.

- Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг Английн арбитрын шүүх хэлэлцээд, монголын талд нэлээд хүнд шийдвэр гаргасан. Энэ асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

- Эрдэнэт үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой асуудлаар уулзаж, ярилцах ажлын хэсэг гаргана. Ажлын хэсгийг байгуулсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.