Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүслээ

Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүслээ

Ховд аймгийн Цэцэг, Дарви сумыг хамарч байрлах Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдолтой ордод оруулах асуудал одоо болтол шийдэгдээгүй. Баруун таван аймаг төдийгүй Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой энэ ордыг стратегийн ордод нэн даруй оруулж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас  хүсч байна гэж  Хөшөөтийн уурхайн “Ахмад уурхайчдын холбоо” ТББ-аас мэдээлэл хийлээ.

Тус ордыг стратегийн ач холбогдолтой ордод оруулах гэж 2011 оноос хойш яригдаж ажлын хэсэг байгуулан ажилласан хэдий ч эхний 15 ордоос хасагдаж улмаар 2012 онд Стратегийн ач холбогдолтой 27 ордын жагсаалтад оруулахаар  Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажилласан. Харин энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн О.Эрдэнэ, “Хамаг Монгол хөдөлмөрийн нам”-ын дарга УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарын төлөөлөгчид уурхайн байдалтай танилцаж байсан.

Гэвч одоог хүртэл стратегийн ордод оруулаагүй, өнөөдрийн байдлаар тус уурхайд БНХАУ-ын “Мо Эн Ко” компанийн хятад ноёд эдийн засгийн ноёрхлоо тогтоож, нутаг орон, байгаль орчныг нь  сүйтгэж, сүйрүүлсээр арван жилийг ардаа орхиж байна. Орон нутгийн ИТХ-аас тогтоол гарган тус уурхайтай хамтран ажиллах гэрээ байгуулж нэг сая тонн  нүүрс олборлолт тутмаас орон нутгийг хөгжүүлэх “Хөшөөт сан”-д нэг ам.доллар төвлөрүүлж  байхаар тохиролцсон боловч жил бүр 700-800 мянган тонн нүүрс олборлосон гэж тайландаа дурдсаар иржээ. 10 жил олборлолт явуулахдаа тус санд 500 сая төгрөг оруулсан гэж Н.Бүргэд мэдээлэв. Нөгөө талаар тус уурхайн нөөцийг 87 сая тонн гэж тодорхойлдог боловч Эрдэс баялгийн санд мэдээлснээр 30 сая тонн нүүрсний нөөцтэй гэдэг. Энэ мэтээр гадныханд зүгээр шахуу ашиглуулж байгааг эсэргүүцэж буйгаа тус холбооныхон мэдэгдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.