Чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна

Чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.  

11.40 цаг Чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Энэ хууль батлагдсанаар малын тэжээл, өвс, үрийн буудай зэрэг барааг 2017 оны 12-р сарын 4-нээс 2018 оны 06-р сар хүртэл гаалийн татвараас чөлөөлөх боллоо. Энэ өвөл цас их орж, зуд болох амгадлал өндөр, одоогоор зарим газарт зудын байдалд орсныг яамныхан хэлж байлаа. Гишүүд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос зарим зүйлийг асууж, хариулт авсан болно.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн хэлснээр бол 225 мянган тонн буудай импортоор оруулж ирж, хямд үнээр өгөх юм байна. Өвс, тэжээл борлуулах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулахдаа хамгийн хямд борлуулах үнийн саналыг харгалзсан. Мөн малын хүчит тэжээл импортоор оруулж ирэхээр төлөвлөсөн. Монгол Улсын хилээр оруулж ирж байгаа бүх тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлж байж, малчид хямд үнээр тэжээл авах боломжтой аж.

Одоо Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

12.15 цаг. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар олон гишүүн асуусангүй. 

Энэ хуулийн төсөл нь мөн л өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор баруун аймгуудад үрийн буудай оруулж ирэхэд НӨАТ-аас чөлөөлөх асуудал байв. Гишүүд хэдийгэр хугацаа алдаж байгаа ч яаравлчан хийх хэрэгтэй гээд хуулийн төслийг дэмжлээ. 

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байв. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж хариулт авч, саналаа илэрхийллээ. Энэ хуулийн төсөл батлагдвал иргэдийн хурлын төлөөлөгчид төрийн давхар ажил хийх боломж гарах юм.

УИХ-ын гишүүн Х.БолорчулуунИргэдийн хурал бол иргэдийн төлөөлөл байхаас ялсан намын төлөөлөл байж болохгүй. Ялангуяа төрийн албанд намын төлөөлөл оролцдог учраас намын албан тушаал болчих вий гэсэн болгоомжлол байна. Заавал ийм өөрчлөлт оруулах шаардлагатай юу” гэж асуухад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Тогтохсүрэн “2008 оноос Иргэдийн хурлын төлөөлөгч төрийн албан хаагч байж болохгүй гэдэг хууль үйлчилж эхэлсэн. Аймаг, суманд иргэдийн хурал сумын нийгэм эдийн засаг, байгаль орчны асуудал ярих гэхээр хурлын чадавх сул байдаг. Үнэндээ бол аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нар төлөөлөгчдийн асуудлыг шийддэг, барьцаанд байгаа юм. Түүнээс гадна Иргэдийн хуралд хамгийн чадварлаг хүмүүс байдаг ч ажилгүй байгаад байдаг. Ийм  үндэслэлүүдээр энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирсэн. 2008 оноос өмнө Иргэдийн хурлын төлөөлөгч давхар төрийн алба хашдаг хуультай байсан” гэв.

Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураах гэсэн боловч, санал оруулсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат саналаа татсан учраас төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. Энэ хуулийн төслөөр АН завсарлага авч, энэ хууль батлагдвал гажуудал үүснэ. МАН-ын 60 мянган иргэдийн төлөөлөгч шууд төрд ажиллах эрхтйэ болно хэмээн мэдэгдпэж байсан юм.

Чуулганаар Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үзэл баримтлалыг чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.  Энэ хуулийн төслийг нэлээд нухацтай хэлэлцэх хэрэгтэй гэсэн учраас завсарлалаа. 

15.30 цаг. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжүүлэн хэлэлцэж байна. Гишүүн Д.Мөнхбаатар энэ хуульд нэмэлт өөрчлөлт биш арай өргөн хүрээнд шинэчлэх хэрэгтэй гэсэн санааг хэлж байлаа. Ц.Нямдорж охин компани байгуулах асуудалд нухацтай хандахыг хэллээ.

Гишүүн Л.Энх-Амгалан банкны тухай хуульд дорвитой өөрчлөлт оруулах цаг болсон. Зээлийн хүү нь өндөр хэр нь барьцаа хөрөнгийг ямар багааар үнэлж авдаг билээ. Банкуудыг 27 жил эрхлүүлж байна. Одоо төрөлжих хэрэгтэй. ХААН банк уг нь хөдөө аж ахуйд хөрөнгөө оруулдаг банк баймаар байна. Гэтэл жинхэнэ ХААН банк болжээ. Монголын 60 сая мал энэ банкных болсон тухай ярьж байна гэв. 

Ийнхүү нэлээд ярилцсаны эцэст Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үзэл баримтлалыг чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи нь үзлээ. мөн бусад хуулиудын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхийг дэмжлээ. Үргэлжлүүлээд Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярьж эхэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.