Намын хэрүүлээ төрийн танхимд ярьсаар л байх уу, улстөрчид өө

Намын хэрүүлээ төрийн танхимд ярьсаар л байх уу, улстөрчид өө

“65-ын бүдүүн бүлэг”-тэй МАН-ын дотоод зодоон олонд ил болж, улмаар Засгийн газраа унагах хэмжээнд хүрэв. Т.Аюурсайхан тэргүүтэй УИХ-ын гишүүдийн огцруулах бичиг 14 хоногийн турш саарал ордонд хэрүүлийн алим болж, бүдүүн бүлгийнхэн хоёр хуваагдаж бүлэг болох хэмжээнд хурцадлаа. Сайдын суудалтайгаа зууралдсан хэсэг нь сайн ажилласан гэдгээ батлахаар хичээж, хоёрдугаар ээлжээс хоол горьдсон хэсэг бүлэг нь хэрхэн мөнгө идсэн уусан тухай шударга үнэнч дүр гарган ярьж байх нь инээдэмтэй.

Юутай ч хоёрдугаар ээлжийнхэн санасандаа хүрч, Засгийн газраа унагаж чадлаа. Хөрөнгө оруулалтын орчин таагүй байгаа энэ үед төр засаг тогтворгүй болсон нь яав ч сайны жишээ болсонгүй. Эцсийн дүндээ энэ тогтворгүй байдал иргэдийн аж амьдралд л хамгийн хүндээр тусах нь тодорхой. Хахир хатуу өвөл хаяанд ирчихсэн, хадлан тэжээлээ л олигтой базаагаагүй, ургац алдчихсан хүндхэн үед дараагийн төр засаг төвхнөх гэж хугацаа алдах нь ч тодорхой байгаа юм. Магад хоёрдугаар ээлжинд хоол авах гэсэн хэсэг бүлэг хоорондоо толхилцсоор ирэх өвлийг төр засаг маань салан задгай өнгөрөөх дүр зураг ч харагдаж байгаа. Засгийн газраа огцруулаагүй байхад л дараагийн сайд хэн байх, хэнийг аль албан тушаалд хэдэн төгрөгөөр томилох вэ гэсэн ил далд тохироо ч явчихсан байсан нь худлаа биш.

Албан тушаал, даргын суудал горилсон Ардын намын улстөрчдийн цуваа өчигдөр шөнөөс эхлэн Тусгаар тогтнолын ордноор тасралтгүй цувж эхэлсэн талаар ч саарал ордонд бор шувуу нисч байх юм. Огцруулах санал өгсөн МАН-ын 31 дунд чин шударгаар гарын үсэг зурж, хууль бусын эсрэг гар өргөн зогссон нь үнэндээ гарын таван хуруунд багтана. Дийлэнх олонхи нь сайд даргын суудалд санаархсан гэдэг нь ирэх өдрүүдэд илүү тод томруун харагдах биз.

Чин үнэнийг хэлэхэд Засгийн газрыг огцруулах асуудал үндсэндээ үнэмшил муутай байсныг нуух юун. Засгийн газрын гурван гишүүндээ концесс өгсөн гэх шалтгааныг тэд бодож олсон. Гэхдээ энэ шалтгааныг оруулсан цаад учиг нь бидэнд өгөөгүй байж, тэдэнд өгчихлөө гэсэн хар хор байсныг нуух юун. Зарим нь ч энэ санаагаа илээр хэлчихэж байна лээ. Харин тагнаж чагнах асуудлын тухайд энэ төрийн танхимд ярих асуудал мөн үү гэдгийг МАН-ынхан харин ялгаж салгасангүй. УИХ-д 65 суудал авчихсан улс төрийн том хүчин, 90 жилийн зангараг, дотоод эв нэгдлээрээ бахархаж суусан МАН-ынхан гитар барьсан залууд хоёр ч удаа далаараа цэвэр тавиулчихлаа. МАН түүхэндээ хоёр удаа том хагарч буйн энэ. Хоёуланг нь У.Хүрэлсүх оройлон удирдсан байх юм.

Намынхаа ордонд, Бага хурлаараа ярилцаад шийдчих асуудлыг төр засгийн асуудал мэтээр дэвэргэх чадвар 31 гишүүнд хангалттай байж. МАН-ын удирдлагууд ч сул дорой байсныг хэлэхгүй өнгөрч боломгүй. Намын байранд яригдах хоёр хүний маргааныг Төрийн ордонд чирч оруулж, улмаар суудал өгсөн түгжлүүдээ захирч чадаагүй нь хар гай улс орны хувь заяанд сөргөөр нөлөөлчихлөө. Дахиад л тодорхойгүй байдал. Эхлүүлсэн ажил, хийхээр төлөвлөсөн бүхэн нуран унаж байна.

Хөрөнгө оруулагчид дахиад л олон удаа давтсан зүйлээ ирэх жил ч ярьсаар суух нь ээ. Шинэ даргатай дахиад л шинээр ярих хэрэг үүснэ. Энэ бүхэн МАН-ын гишүүдийн өөрсдийнх нь буруу. 65-уулаа тэд хариуцлага хүлээх учиртай. Засгийн газраа тэд л унагасан. Сөрөг хүчин хэзээд сөрөг хүчин байдаг. Тиймдээ ч нам, засгийн ажлаа ялгаж чадаагүйн буруугаа бусдаас эрэх хэрэггүй биз. Ерөөс цаашдаа намын дотоод асуудлыг төр засгийн асуудал болгон ярьсаар суух уу, улстөрчид өө. Засгийн газраа хэн дуртай нь унагаж болдог, төр засгаар тоглоом хийсээр байх уу. Хоёр улстөрчийн хэрүүл бүхэл бүтэн улс орны хувь заяанд нөлөөлж л байх хэрэг үү. Үүнийг өөрчлөх цаг нь болчихож. Тэгэхийн тулд Засгийн газраа илүү чадамжтай байлгах Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй болжээ. Эс тэгвээс ирэх жилийн өдийд дахиад л шинэ Засгийн газар өлгийдөж суухгүй гэх баталгаа алга. Тийм яриа ч гарчихсан байна лээ.

Б.Тогтох  

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.