Сүх далайсан 31: Хэн нь хэн бэ?

Сүх далайсан 31: Хэн нь хэн бэ?

МАН-ын бүлгийн гишүүдээс Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан 31 гишүүн зорьсондоо хүрч, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхэллээ. Нэгдсэн чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэх байсан ч Шадар сайдыг “тагнаж чагнасан” гэх асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх санал гаргаж, МАН-ын бүлэг завсарлага авлаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхи нь нь огцруулах асуудлыг дэмжихгүй гэсэн ч нэгдсэн чуулган дээр АН-ын бүлгийн гишүүд эсрэг санал өгвөл Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроход хүрнэ. Өмнө АН-ын дарга С.Эрдэнэ “АН Засгийн газарт орохгүй” гэсэн нь огцруулах асуудлыг дэмжихгүй гэсэн үг биш юм. Сөрөг хүчний үүднээс харвал МАН дотор бий болоод буй сандал суудлын төлөөх тэмцэл даамжрах тусмаа тэдэнд сайн. Түүний дараа нь байгуулагдах Засгийн газрын чадавхи ч бас л АН-д падлийгүй юм. Тиймээс АН-ын гишүүд өмнөх парламентын үед МАН-ын бүлгийнхнээс сонсч байсан “Засгийн газрыг сөрөг хүчин огцруулдаггүй юм шүү дээ” гэдэг үгийг буцааж чулуудаад тохуутайхан мишээж сууна. Өөрөөр хэлбэл МАН-ын Засгийн газрын хувь заяа МАН-ын өөрийнх нь гарт байна аа гэсэн үг. Тэр тусмаа хэний гарт гээч!

Огцруулах шаардлагад гарын үсэг зурсан 31 гишүүний талаас илүү нь буюу 18 нь УИХ-д шинээр сонгогдсон гишүүд байна. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэд хараахан таньж амжаагүй. Олонд танигдаж амжсанаас нэрлэвэл Баянзүрхээс сонгогдсон “нохой” Б.Батзориг, “бандааш” Д.Гантулга, “Монполимет”-ын Ц.Гарамжав, Монголбанкны дэд байсан Б.Жавхлан, “боорцог” М.Оюунчимэг, “Херо” Баатарын ах Л.Оюун-Эрдэнэ, АТГ-ын комиссар асан Ш.Раднаасэд, А.Сүхбат аварга, МАН-ын “угсаа залгамжлагч хунтайж” Н.Учрал, “жааз” Л.Энхболд нарын нарын гарт МАНын хувь заяа байна аа гэсэн үг. Аз таарч улс төрд орсон ч ачаа үүрээгүй, төрийг засах байтугай төрсөн биеэ ч засаж амжаагүй нөхөд захаас аван. Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж гэгчээр УИХ-ын гишүүнийхээ үүрэгт ажилд тэнцэж дасаагүй байж Засгийн газраараа тоглох том мөрөөдөл тээсэн “жижиг гарууд”-ын гарт улс орныхоо хувь заяаг атгуулчихаад сууж байх ч гэж, МАН минь! монголчууд минь! Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдгээр нөхөд юу хийж, юу сурсан болоод засаг огцруулах хэмжээний том тоглоомоор тоглох болов, эсвэл бусдын дохиураар хөдөлдөг “утсан хүүхэлдэй” төдий юу гэдгийг уншигч авхай өөрөө хэлэх биз.

Б.Батзориг: Баянзүрх дүүргийн Засаг ноёноор ажиллаж байхдаа халдварт өвчнөөс сэргийлж дүүргийнхээ бүх хөрөнгө оруулалтаар нохойны хөшөө бариулснаараа нэрд гарч “нохой” хочтой болсон билээ. Харин УИХ-д гишүүнээр сууснаас хойш юу хэлсэн, хийснийг мэдэхгүй.

Д.Гантулга: “Бандааш хочит Д.Гантулгын хувьд саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хоёр нэр дэвшигчээс илүү нэр алдарт хүрсэн нэгэн. МАН-ын хараагаад байсан “хар машины” бүтээгдэхүүн. Тийм ч учраас МАН өнөөг хүртэл энэ хүний бүрэн эрхийг “нүдний цөцгий мэт” хайрлан хамгаалсаар байдаг биз.

Ц.Гарамжав: Гарын үсэг зурсан гишүүд дотроос хамгийн, хамгийн гэж онцолж болох ганц хүн. Засгийн газрыг огцруулахаар шаардаж буй нөхөд “807 тэрбум төгрөгийг концесс нэрээр тарааж, хувийнхаа компаниудийг тэтгэсэн” гэж буруутгасан. Харин Ц.Гарамжавын “Монполимет” компани концессоос хамгийн их хувь хүртсэн нь. Тэгэхээр Ц.Гарамжав гишүүнийг авсан мөнгө нь хатгав уу, сайдын суудал дуудав уу? Чөтгөр бүү мэд.

М.Оюунчимэг: Бусдыгаа бодвол байнгын хорооны хуралдаан дээр боорцог идсэнийгээ “шоколад идсэн” гэж гүрийснээс өөр нүгэлгүй. Одоо үлдсэн гурван жилд өөр хаяг зүүхээр боллоо л доо.

Л.Оюун-Эрдэнэ: МАХН-ын дэргэдэх НАМЗХ-ноос улс төрийн карьераа эхэлсэн, У.Хүрэлсүхийн ишилсэн бас нэг буруу “сүх”. Харвардад сурч ирээд нэг ном хэвлээд л УИХ-ын сонгуульд орсон доо. НАМЗХ-ны өмнөх үеийн ах нар нь Хадгаламж банкаар дагнаж, казиногоор мэргэшдэг байсан бол Л.Оюун-Эрдэнийн үеэс “нууц бичлэг”-ээр гаршиж байгаа. “Херо” Баатартай ярьсан У.Хүрэлсүхийн утасны бичлэг цацагдсаны дараа намынхаа бүлгийн гишүүдийг “Тэгвэл М.Энхболд даргын яриаг ч гэсэн дэлгэчих үү?” гэж дарамталсан гэнэ билээ. Олон жил тус тусдаа амьдарсан ах, дүү хоёр өнгөрсөн УИХ-ын сонгуулиас эхлэн зам нийлсэн, гар ч нийлсэн. МАН-ын байтугай АН-ын гишүүдийн бичлэг ч тэднээс гарч магадгүй.

Н.Учрал: “Их Засаг” их сургуулийн Ц.Ням-Осорын хүү, Монголын хамгийн баян өв залгамжлагчдын нэг. УИХ-ын гишүүн болсныхоо дараа Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудад зориулж “Учралын заяа” нэртэй нэг уулзалт хийсэн гэнэ лээ. МАН ч бас энэ хүүтэй “учралын заяатай” байсан бололтой. УИХ-ын гишүүн болохын тулд Л.Эрдэнэчимэг гишүүний согтуу бичлэгийг задалсан, нэг тойрогт өрсөлдсөн З.Баянсэлэнгэд бүхэл бүтэн телевиз амласан гээд хэцүүхэн адал явдлуудтай нэр холбогдож явснаас хийсэн гавьяаг нь хүн мэдэхгүй л юм, зайлуул.

Л.Энхболд: Ийм гишүүн байдаг бил үү гэж их л олон хүн асуудаг. Бүр сүүлд, өнгөрсөн зуны наадмаар өөрийнхөө зургийг жаазлаад “УИХ-ын гишүүн Л.Энхболдоос дурсгав” гэж бичээд тойргийнхоо залууст бэлэглэснийх нь дараа хүмүүс “Ийм нэртэй их хурлын гишүүн нэгээр нэмэгджээ” гэж мэдсэн гэнэ лээ. Дашрамд хэлэхэд Өмнөговиос сонгогдсон.

Засгаа унагахаар сүх далайсан залуу гишүүдийн тодотгол нэг иймэрхүү. Харин хууччуулаас “Төрийн сангийн” Ц.Даваасүрэн, “Лүнгийн замын” Д.Дамба-Очир, Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатар, Сангийн дэд сайд асан Ч.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаяр /дандаа хуучин сайд нарын цуваа л хөврөөд байх/ Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нарын нэр жагсаж байна. МАН-ын буянд мөн ч олон жил Монголын төрийн толгойд суусан улс л даа, уг нь.

Ц.Нямдорж: 1992 хойш тасралтгүй долоон удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон туршлагатай улстөрч. Хоёр удаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хоёр удаа томилогдож, УИХ-ын даргын албан тушаал хашиж байсан. Өнгөрсөн сонгуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр нам дотроо өрсөлдөөд МАН-ын бага хурлын гишүүдийн 14 хувийн санал авч, М.Энхболдод ялагдсан. Одоо ирж байгуулсан Засгийн газрынхаа хана, унинаас чангааж эхэлсэн нь даагаа нэхэж буй хэрэг юм даа. Хүсэх нь, бушуухан тэр Ерөнхийлөгчийнх нь сэнтийд суулгаад ч болтугай Монголын улс төрийг энэ хүнээс ангижруулаасай билээ.

Ц.Даваасүрэн: 2008 оноос хойш завсаргүй гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаа. Гишүүнээр сонгогдохоосоо өмнө Сангийн яамны Төрийн сангийн газрын даргаар олон жил ажилласнаас “Төрийн сангийн” гэгдэх болсон. Төсвийн байнгын хороог хороог хоёр удаа толгойлж ажилласан. Одоо нэг удаа сайдын суудалд суугаад үзчихвэл энэ хүний амбиц дуусах биз.

Ч.Хүрэлбаатар: МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаас улс төрийн карьераа эхэлсэн энэ хүн 2008 оноос хойш завсаргүй гурван удаа УИХ-д сонгогдож, Төсвийн байнгын хороог хоёр удаа толгойлж, Түлш, эрчим хүчний сайд, Засгийн газрын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Сайн ч нэргүй, муу ч нэргүй. Яг үүнтэй адил энэ хүний хэтийн зорилгыг ч бас таах аргагүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорвол шинээр бүрдэх Засгийн газрын Сангийн сайдын албан тушаалд нэр нь явж харагдсан.

Ж:Энхбаяр: Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийн жагсаалтад хамгийн сүүлд нэмэгдсэн хоёр хүний нэг нь. Дараачийнх нь Ц.Нямдорж. Хараад байхнээ огцруулах асуудал эцсийн цэгтээ хүрч, АН-ын бүлгийнхэнтэй яриа хэлцэл явагдсаны дараа энэ хоёр эрхэм мутрын үсгээ зуржээ гэж дүгнэхээр. Түүнээс биш яарч адган хөдөлж, хоосон газар хий суух хүмүүс биш шиг харагддаг. Ж.Энхбаярын хувьд өмнөх парламентын үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан, өнгөрсөн сонгуулийн дараа ч бас л энэ суудал руу зүтгээд хоосон үлдсэний хувьд энэ удаагийн хэргийг даагаа нэхэх боломж гэж харж байгаа. Огцруулах бич даргаар гт гарын үсэг зурсан гишүүд “Сайд болохгүй” гэж гарын үсгээ зурсан л гэнэ. Тийм юм байдаггүй гэдгийг сая сонгуулийн дараа байгуулсан “мэргэжлийн” Засгийн газар харуулсан даа. Ердөө гурван жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахаар давхар дээлийг эсэргүүцэж байсан гишүүд бүгд сонгуулийн дараа бүгд дээлээ давхарлацгаасан билээ.

Б.СЭМҮҮН    

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.