Айлчлалын хүрээнд 15 баримт бичигт гарын үсэг зурав

 Айлчлалын хүрээнд 15 баримт бичигт гарын үсэг зурав

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ли Көцяны Монгол Улсын Засгийн газрын урилгаар энэ сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Энэхүү айлчлал нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын 6 жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлалын зэрэгцээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны дараа хятадын талаас хийж буй Ерөнхий сайдын анхны айлчлал болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон олон асуудлаар санал солилцов. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, бодит хамтын ажиллагааг урагшлуулахад чухал түлхэц болно гэж итгэж байгаагаа хэлээд, АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад Хятадын Засгийн газрын ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв. Монгол, Хятадын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

БНХАУ-ын тал 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдлээ

Хэлэлцээний үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг эдийн засаг, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар ярилцав. БНХАУ-ын зүгээс хөдөө аж ахуйн боловсруулах болон барилгын материалын үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулах чиглэлд манай улстай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байв. Түүнчлэн уг хэлэлцээний үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр салбарт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх саналыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааг тодорхойлсон саналуудаа хэрэгжүүлж, харилцаа хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана гэв. Мөн БНХАУ-ын Засгийн газраас олгож ирсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын хөгжилд чухал дэмжлэг болж ирснийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлон тэмдэглээд Хятадын талд төлөх Монгол Улсын хугацаа хэтэрсэн өрийг бүрэн чөлөөлж байгаад талархал илэрхийллээ.

15 БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар байлцав.

1. Хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын 2017-2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө,
2. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
3. Монгол Улсын Засгийн газрын өрийг чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол,
4. БНХАУ-ын Засгийн газраас 2014 онд олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд 3 сургуулийн төслийг эхлүүлэх тухай солилцох захидал,
5. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эд материал бэлэглэх тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын санамж бичиг,
6. Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын стратеги, хамтын ажиллагааны төлөвлөгөө,
7. БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Баянхонгор – Байдрагийн гүүрний 129 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
8. БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Тосон цэнгэл – Улиастай-н 114 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
9. БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар – Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих” төслийн хяналт, зөвлөх үйлчилгээний гэрээ,
10. ЭКСИМ банк хооронд Улаанбаатар хотын 7 дугаар хорооллын “G” хэсгийн орон сууцны төслийн санхүүжилтийн гэрээ,
11. Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ,
12. МҮОНРТ, Хятадын олон улсын радио хоорондын хамтын ажиллагааны гэрээ,
13. МҮОНРТ, Хятадын төв телевиз хоорондын хамтын ажиллагааны гэрээ,
14. Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын Экспортын зээлийн даатгалын компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг,
15. Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барилгын ажлын гэрээг ёсчлох тухай баримт бичиг зэрэг 15 баримт бичгийг байгууллаа.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.