Б.Бат-Эрдэнийг огцруулах ёстой

 Б.Бат-Эрдэнийг огцруулах ёстой

БСШУС-ын сайд Ж.Батсуурийг албан тушаалаас огцруулаад удаагүй байна.  Түүнийг огцруулах  болсон үндэслэл нь ЕБС-ийн элсэлтийн ерөнхий шалгалтын тест задарсан явдал. Үүний цаана салбараа удирдаж чадахгүй бол энэ  мэтчилэн огцоруулна шүү гэсэн Монгол төрийн зангараг байв. 

Чухамдаа эл шийдвэрийг төр  Батлан хамгаалах салбарт  эрдэнэт хүмүүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал дээр гаргаж, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг  БСШУС-ын сайдын адил огцруулсан бол нийгэмд ч, төрийн өндөр албыг хашиж байгаа сайд болоод холбогдох албан тушаалтнуудад ч маш том сануулга болох байлаа.” Ээж ээ, сайн сууж байгаарай” гээд   хээрийн сургуульд  явсан хүү нь / 2017 оны дөрөвдүгээр сард Таван толгой дахь сургалтын бааз дээр болсон дэлбэрэлт /  дайчдын нөхдийнхөө амь насыг хамгаалан  энэ биеэ золионд гарган баатарлагаар амь эрсдэх юм хэмээн хөөрхий хоёр  ижий  санаагүй биз ээ.

Цэл залуугаараа хорвоогоос хальсан хүүгийнхээ араас гашуудан дээлтэйгээ хатавч, дайчин нөхдөө хамгаалсан юм шүү дээ. Миний хүү биш байлаа гэхэд хэн нэгэн хүний үр ингэх л байсан хэмээн өөрийгөө хуурч байгаа эмгэнэлт амьдрал чухамдаа  элсэлтийн шалгалтын тест задарснаас дор байв гэж. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр мөн л Зэвсэгт хүчний Тавантолгойн сургалтын баазад нэг албан хаагч амиа алдсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Талийгаачийн нас барсан шалтгаан одоогоор тодохойгүй байгаа гэх. Үхсэн хүн босч ирэхгүй.

Харин задарсан тестийг дахин боловсруулж, шалгалтыг ямар бол ямар байдлаар авч болно.  Ингээд бодохоор монгол хүний үнэ цэнэ юунд  оршдог юм бэ гэж төр, засгаасаа асуумаар санагдаад байна.  Эсвэл намдаа хандив өргөсөн учир Б.Бат-Эрдэнийн өмнө Монголын төр бөхийх учиртай юм болов уу.  Үгүй л байлтай.

Шударга төрийг байгуулахын төлөө зүтгэх болно  гээд УИХ-ын гишүүд маань  хэдхэн сарын өмнө сонгогчдынхоо өмнө амлаж байсансан.   Талийгаач хоёр залуугийн  амьдарч байсан тойргоос нэр дэвшигчид өнөөдрийг хүртэл дуугүй суугаа нь гайхшрал төрүүлж байна.

 О.Баасанхүү гишүүн С.Зоригийн  хэрэгт холбогдсон шүүгдэгчдийнхээ үнэн мөнийг олно гээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд  өөрийн байр сууриа илэрхийлж байсан юм. Түүн шиг сонгогч нэг бүрийнхээ эрх ашгийг хамгаалах тодруулбал, сайд нь салбараа муу удирдсаны золиос болсон хоёр дайчин эрийн амь насыг нэхэн Б.Бат-Эрдэнэ сайдыг  албан тушаалаас нь огцруулах  саналыг гаргах зориг зүрхтэй төрийн түшээ энэ УИХ-д байхгүй нь дэндүү харамсмаар зүйл.

 Батлан хамгаалах салбарыг мэргэжлийн бус улс төрийн албан тушаалтнууд удирдах болсноор  төрийн өмчийг идэж уусан, тендер будлиантуулсан,  онгоц задалсан, зэвсгийн наймаа хийсэн, хугацаат цэргийн амь нас эрдсэдсэн, хуруу гараа хөлдөөж тайруулсан, өөр хоорондоо зодоон цохион хийсэн, албан өрөөндөө согтуу байсан гээд олон арван хууль бус зүйлийг нэрлэж болно.  Хэдхэн хоногийн өмнө “Өнөөдөр” сонины тэргүүн нүүрэнд нийтлэгдсэн материалд өгүүлснээр нэр бүхий албан тушаалтнууд мөн л цэргийн хувцасны тендерийг будлиантуулсан хэрэгт холбогдон  хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тухай бичсэн байх юм. Энэ бүхэн  ажлаа сайн хийдэг сайдын ажлын үр дүнд гарч буй алдаа завхрал уу. Эцэст нь хэлэхэд, төр үнэхээр төмөр нүүртэй болохоо харуул эхэлж байгаа юм бол Б.Бат-Эрдэнэ сайдыг огцруулчих. Тэгвэл бид төрийн шийдвэр цаг үеэ олдог юм байна гэж дүгнэе.   

Э. Энхмаа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.