Ч.Содномцэрэн: Ерөнхийлөгчийн сонгуульд 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан

Ч.Содномцэрэн: Ерөнхийлөгчийн сонгуульд 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар товлон зарласан. Энэ нь санал хураалт болохоос 150 хоногийн өмнө сонгуулийн тов тогтоох ёстой хуулийн хугацаатай холбогдон гарч буй юм байна. Харин гадаадад амьдран сууж буй иргэд зургадугаар сарын 10-11-нд дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан саналаа өгөх ажээ.

Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг тухайд Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн тухай хууль УИХ-ын сонгуулиар хэрэгжиж байсан хэвээр мөрдөгдөнө. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах саналаа бид УИХ-д хүргүүлсэн боловч цаг хугацааны хувьд боломжгүй гэж үзээд хойшлуулсан. Тиймээс сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Монгол Улс нэг тойрог болж сонгууль явагдах тул санал зарчмын хувьд ялгаа байхгүй. Дашрамд дуулгахад, Гадаадад байгаа иргэдийн саналыг 2012, 2013 онд авсан.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдээс санал авахын тулд одооноос бэлдэж байна. Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж бүртгэл явагдаж байгаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш гадаадад байгаа иргэд цахимаар бүртгүүлэх боломжтой болсон. Тиймээс сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэх үүднээс бүх боломжоо ашиглана” гэлээ. Мөн тэрбээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгаад байгаа юм байна.

СЕХ-ны гүйцэтгэх бэлтгэл ажлын тухайд:

-Нэгдүгээр сард: Сонгууль товлон зарлах, санал авах өдрийг товлон зарлана.

-Хоёрдугаар сард: Сонгуулийн хэсгийн хороог санал авах өдрөөс 120-оос доошгүй хоногт багтаан байгуулна гэж хуульд заасан байдаг. Тиймээс хоёрдугаар сарын 26-наас өмнө хэсэг байгуулах ёстой юм байна. Хэсгийг сум, дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчид тогтоож, эхний шийдвэрээ Оюуны өмч, улсын бүртгэлийн газар ирүүлж байгаа аж. Мөн энэ сарын 26-наас өмнө Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож, нийтэд зарлах ажээ.

-Гуравдугаар сард: Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлж, тэднийг сургалтад хамруулах гэнэ. Журамд зааснаар сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны судалгааг гуравдугаар сарын 10-ны дотор СЕХ-нд ирүүлэх ёстой юм байна.

-Дөрөвдүгээр сард: Аймаг, нийслэл, сум дүүрэгт байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороо байгуулагдахаар товложээ.

-Тавдугаар сард: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил явагдана.

-Зургадугаар сард: Саналын хуудас бэлдэх, санал тоолох машинаа програмчлах, хүргүүлэх ажил явагдах гэнэ. Мөн сонгуулийн сурталчилгаа явагдах юм байна.

Ж.Өөдлөн

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.