Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэн нэгнийг яллаж, шийтгэх зорилготой биш

Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэн нэгнийг яллаж, шийтгэх зорилготой биш

2017 оны хоёрдугаар сарын 01-нээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболороос зарим зүйлийг тодрууллаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өмнөх хуулиас юугаараа онцлог болсон гэж та үзэж байгаа вэ?

-Шинэ хууль нь өмнөх хуулиасаа урьдчилан сэргийлэх асуудлыг түлхүү тусгаж өгснөөрөө онцлог. Урьдчилан сэргийлэх асуудлыг гурван төвшинд авч үзсэн. Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийллийг гаргахгүй байх. Тухайлбал, зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах. Энэ нь хүүхэд цэцэрлэгт байхаасаа ямар ч асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдэх аргад суралцах юм. Хоёрдугаарт, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх. Өөрөөр хэлбэл, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй. Гуравдугаарт, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг дахин өртүүлэхгүйн тулд тодорхой үйлчилгээнүүдийг төрөөс үзүүлэх юм.

-Танай төвд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд хэр ханддаг вэ?

-Хууль зүйн туслалцааны төвөөс 2016 оны байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн төлбөрийн чадваргүй 257 иргэн хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авсан. Энэ төрлийн гэмт хэрэг далд хэлбэртэй үйлдэгддэгээс үүдэн манай байгууллагаас хууль зүйн туслалцаа авахаар ханд­сан хүчирхийлэлд өртсөн хохирогчдын тоо нийт үйлчлүүлсэн иргэдийн тоо­той харьцуулахад нэлээд бага хувийг эзэлж байгаа юм. Тиймээс одоо мөрдөгдөж эхлээд байгаа хуульд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулах, хохирогчид үзүүлэх хууль зүйн туслалцааг хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээгээр үзүүлэхээр заасан. Түүнчлэн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, үйлчилгээ, туслалцаа, дэмж­лэг үзүүлэх, ур чадварыг эзэм­шүү­лэх агуулгыг бүх шатны боловс­ролын байгууллагад нэвт­рүү­лэх, багш нарыг бэлтгэх, дав­тан сургах сургалтын хөтөл­бөрт тусгах зэрэг зохицуулалт тус­гагд­санаар гэр бүлийн хүчир­хийлэлд өртөхөөс урьдчилан сэр­гий­лэх, хүчир­хийлэлд өрт­сөн хохирогч­дын амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нарийвчлан зохицуулсан.

-Танай төв иргэн, захиргааны хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлдэг үү?

-Хууль зүйн туслалцааны төвийн хууль зүйн үйлчилгээ нь зөвхөн гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа этгээдэд чиглэх бөгөөд өмгөөллийн болон хууль зүйн зөвлөгөө гэсэн төрөлтэй. Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хууль зүйн туслалцаа авах эрх бүхий хүн нь төлбөрийн чадваргүй яллагдагч байна. 17 дугаар зүйлийн 17.2.2-т улсын өмгөөлөгч нь энэ хуульд зааснаас өөр хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хориглоно гэж тус тус заасан байдаг. Гэвч улсын өмгөөлөгч нар төлбөрийн чадваргүй иргэд, тэр дундаа эрүүгийн хэргийн хохирогч, иргэн, захиргааны хэрэг, маргааны оролцогчдод амаар болон бичгээр хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч ажилласаар байна. Иргэдийн дунд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах бодит хэрэгцээ, шаардлага байгаа нь иргэд энэ чиглэлээр туслалцаа авахаар тус төвд хандаж байгаагаас харж болох юм. Тиймээс бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн эрүүгийн хэргийн хохирогч, иргэн, захиргааны хэрэг, маргааны оролцогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх талаархи эрх зүйн зохицуулалтыг сайжруулахаар үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах шаардлагатай нийгмийн зорилтот бүлгийн судалгаа хийж, судалгаанд үндэслэн “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай  хууль”-д нэмэлт,өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.