С.Эрдэнэ: Ц.Мөнх-Оргил тоймтой тайлбар хийсэнгүй

С.Эрдэнэ: Ц.Мөнх-Оргил тоймтой тайлбар хийсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөж, хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус бүлэг зарим Элчин сайдын яам, консулын газрыг татан буулгахтай холбоотой асуудал УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэгдэх болсон. Мөн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын “Өдрийн сонинд” өгсөн ярилцлагадаа “Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам дахин Монгол Улсад айлчлахгүй гэж ойлгож болно” гэх тайлбар хийсэн зэрэгтэй холбогдуулж, сайд Ц.Мөнх-Оргилоос байр суурийг нь сонсчээ.

Хоёр дахь асуудал нь Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнтэй холбоотой нэмэлт тоо баримтаар ажлын хэсгээс мэдээлэл сонсохоор төлөвлөсөн ч гишүүд нь ирээгүй тул хойшлуулжээ. Энэ тухай мэдээлэл хийсний дараа бүлгийн дарга С.Эрдэнэнээс дээрх асуудлын талаар тодруулахад “Хятадын нэр бүхий вэб сайт, олон улсын төвшинд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл, Хятадын албаны зарим хүмүүсийн “Монголын тал Хятадын талаас уучлал гуйсан” зэрэг мэдээлэлтэй холбогдуулж сайд Ц.Мөнх-Оргилоос тайлбар авлаа.

Монгол Улс тусгаар тогтносон улс, Үндсэн хуулиараа бие даасан тусгаар улс гэдгээ тунхагласан, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн. Аливаа нэг айлчлалыг бие дааж шийдэх эрхтэй. Гэвч үүнд Ц.Мөнх-Оргил сайд төгс тоймтой тайлбар хийж чадсангүй. Тэрбээр “Цаашдаа Далай лам энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд айлчлахгүй гэдгийг уучлал гуйсан хэлбэрээр ч юм уу, төр засгийн шийдвэр хэлбэрээр хэлээгүй” гэдэг тайлбар хэлсэн нь хангалттай биш. Айлчлал нь шашны шугамаар байсан ч нэвтрэх виз олгох журам нь консулын журмаар шийдэгдэж байгаа. Тийм учраас Засгийн газрын төвшний асуудал юм.

Монгол Улс тусгаар улс юм бол шашны болон бусад ямар ч хэлбэрээр байсан гадаадын иргэн нэвтрэх нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Үүнд тоймтой тайлбар хийж чадсангүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаар дамжуулж Хятад улс руу илгээсэн илгээлтэд дурдсан зүйл нь мөн ийм утгатай байгаа. Ерөнхий сайдаас өөрөөс нь тайлбар авах шаардлагатай гэж үзсэн” гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.