Хөгжлийн банкны шалгалт АН болоод МАН-ын гишүүдийг сандаргахын учир юу вэ

Хөгжлийн банкны шалгалт АН болоод МАН-ын гишүүдийг сандаргахын учир юу вэ

Монгол Улсын Хөгжлийн банканд Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл бүхий нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, банк байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаанд шалгалт хийж дууссан билээ. Ажлын хэсэг санал дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Тэгвэл өнөөдөр Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дээрх шалгалтын үр дүнг авч хэлэлцэнэ. Энэ талаар МАН болоод АН байр сууриа илэрхийлээд байгаа юм.

МАН: Хөгжлийн банкныхан томилолт, урамшуулалд гурван тэрбумыг зарцуулсан

УИХ дахь МАН-ын бүлгээс Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар илэрсэн 1.3 их наяд төгрөгийн зөрчлийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байгаа гэх мэдээллийг өгөөд байгаа. Тодруулбал, Хөгжлийн банкны шалгалтаар “Чингис” бондын тал хувьтай дүйхүйц хэмжээний буюу 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн. Түүнчлэн гүйцэтгэх захирлын тушаалаар зарлагадсан томилолтын зардал нэлээдгүй анхаарал татав. Үүнд, гадаад томилолт, сургалт, урамшуулалт шагнал, тэмцээн уралдааны санхүүжилт багтаж байна.

Жишээлбэл, зөвхөн 2014 онд гадаад томилолтоор 12 хүнийг явуулахдаа 133 сая, урамшуулал цалинд зургаан хүнд 594 сая, тэмцээн уралдааны урамшуулал болгож 14 хүнд 136 сая төгрөгийг олгожээ. Түүнчлэн эдгээр урамшууллыг сүүлийн зургаан жилийн байдлаар авч үзвэл нийт 3.794.224.479 төгрөг болж байна. Ийнхүү шалгалт хийх явцад ноцтой зөрчлүүд цөөнгүй илэрсэн.

Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа төсөв төсөөлөлгүй, бондын мөнгийг салхинд хийсгэснийг ажлын хэсгийнхэн дурдаж байгаа юм” гэдгийг дуулгасан.

АН:Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 40 хувийг авто зам, бүтээн байгуулалттад зарцуулсан

Харин УИХ дахь АН бүлэг өчигдөр хийсэн мэдээллийг үеэр энэ асуудлаар мэдээлэл өгсөн. Тодруулбал, Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд авсан гэдэг мэдээлэл байдаг. Үлдсэн 40 хувийг авто зам, бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулсан. Дээр нь Хөгжлийн банктай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг гурав хоногийн өмнө манай бүлэг дээр ирүүлэх ёстой байсан.

Гэвч хуулийн хугацаанд ирүүлээгүй учир долоо хоногоор хойшлуулах саналыг Ерөнхий сайдад тавьж байгаа юм. Бидний хүсэлтийг Ерөнхий сайд авч үзээд, Ардчилсан намын бүлгийн байр суурьт хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна. МАН-ын нэр бүхий гишүүдийг Хөгжлийн банкнаас авсан зээлэнд ямар учир байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт, эргэн төлөлтийн асуудал байгаа. Хуулийн хугацаандаа, гэрээнийхээ дагуу төлөгдсөн үү, үгүй юу.

 Хоёрдугаарт,  Хөгжлийн банкаар дамжиж олгогдсон төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг дан ганц Ардчилсан нам аваад хэрэглэчихсэн мэтээр ярьж, хэт улстөржүүлж байгаа нь худлаа шүү гэдгийг нотлох баримт бол энэ байгаа юм. Түүнчлэн МАН-ын УИХ-ын гишүүдтэй холбоотой, тэдэнтэй хамаатай компаниудын заримынх нь нэр ил болоогүй. Тэглээ гээд тэд баярлаад суугаад байх хэрэггүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.