Хан-Уул, Багахангайд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

Хан-Уул, Багахангайд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

 

З.Энхболд даргын удирдсан парламентын халааг авах 76 эрхэм хэн байх вэ гэдэг их сунгаа эхэлсэн энэ үед хэвлэл мэдээлэл бүр өөр өөрийн өнцгөөр үнэлэлт дүгнэлт өгч байна. “Монголын мэдээ” сонин хотын тойргуудыг тоймлон цуврал нийтлэлээ хүргэхээр шийдэж, энэ удаагийн дугаартаа нийслэлийн Хан-Уул, Багахангай дүүргийг онцолж, тус тойргийн дөрвөн мандатын төлөө өрсөлдөж буй нэр дэвшигч нэг бүрийг уншигчиддаа танилцуулахыг зорилоо. Өмнөх дугаартаа бид Баянзүрх дүүргийг онцолж, нэр дэвшигчдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хүргэсэн билээ. Сонгогчид илүү их мэдээлэл авч, хэн нь хэн бэ гэдгийг таньдаг, мэддэг байгаасай гэсэн үүднээс бүх намууд болон бие даагчдыг ч нэр ус, албан тушаалтай нь тоймлоё. 
 

МАНАН нэг нэгэндээ бэлэг барив уу 


Хан-Уул, Багахангайд өмнөх сонгуулиар Багануур дүүрэгтээ нэгдэж нэг тойрог болж байсан. Тэгвэл өнөө жилийн сонгуулиар Багахангайг нэгтгэж дөрвөн мандаттай байхаар болжээ.

Хан-Уулын 55 дугаар тойрогт АН-аас Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нэр дэвших мандат өвөрлөсөн. Энэ эрхмийн хувьд хоёр ч удаа дүүргийн Засаг даргаар сууж буй. Төгссөн сургууль, хийсэн бүтээсэн ажил гэхээс илүү Ж.Ганхуягийн талаар дандаа сөрөг мэдээлэл цахим орчинд нийтлэгдэх нь элбэг. Тодруулбал, Нэхмэлийн шарын байрны хууль бус хувьчлал, хороодын Засаг дарга нараа томилдоггүй, намын харьяаллаар хүмүүсээ халж, өөрийн хүмүүсээ ажилд авсан. Улмаар 160 сая төгрөгөөр тугны иш засуулах гэсэн, дүүргийн хөрөнгийг хууль бусаар авах гэсэн асуудлаас үүдэж АТГ-т шалгуулсан гэх мэт дандаа болж бүтэхгүй асуудал энэ эрхмийг тойрсон байх аж. 

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Хан-Уул дүүрэг олны өмнө гялтайх бүтээн байгуулалт гэхээс илүүтэй дүүргийн хөгжлөөрөө дандаа хойгуур алхаж явсан байх юм. Харин тус тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг явуулсан байна. Эрхэм гишүүний хувьд ЗХУ-д боловсрол эзэмшсэн. Фото зургийн мэргэжлээр төгссөн бөгөөд Ростов хотын их сургуулийг мөн сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. Үндэсний олон нийтийн телевиз, өөрийн байгуулсан TV5 телевиз, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч гээд дандаа хувийн салбарт ажиллаж буй туршлагатай эмэгтэй. Мөн МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж, эдүгээ УИХ-ын гишүүний үүрэгт ажлыг хийж байгаа юм. Хан-Уулчууд хэзээнээс эмэгтэй улстөрчдөд элэгтэй. Өмнө нь итгэл хүлээж сонгогдсон Ц.Оюунгэрэл гишүүн тэдний итгэлийг алдаагүй. Дүүргийн алслагдсан хороодыг хатуу хучилттай замтай болгох зэргээр чамгүй ажиллажээ. 

Тиймдээ ч төр, хувийн хэвшилд төдийгөөс өдий хүртэл ажиллаж, хүүхэд гэр бүлийн үнэт зүйл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө тууштай ажиллаж буй улстөрч эмэгтэйг Хан-Уулчууд сэтгэгдэл өндөр хүлээж авчээ. 56 дугаар тойрогт мөн л эмэгтэй нэр дэвшигч байна. Хоёр нам хоёулаа эмэгтэй улстөрчдийг явуулсан учраас хоёулаа биш юм гэхэд ядахдаа нэг нь сонгогдох магадлал өндөр билээ. АН-аас уг тойрогт өрсөлдөж буй Г.Байгальмаа мөн л улс төрийн өндөр боловсролтой, төрийн албанд олон жил ажилласан туршлагатай. АН-ын залуу лидер улстөрчдийн нэг ч гэж хэлж болно. Гурван хэлээр чөлөөтэй ярьдаг, олон улсын эрхзүйч мэргэжилтэй бөгөөд барилгын салбарт дэд сайдаар олон жил ажиллаж туршлагажжээ.

Монголын ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичиг, намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагад сонгуульт албан тушаал эрхэлж байсан бөгөөд өдгөө УИХ-ын даргын дэргэд барилгын салбар хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Харин түүнтэй өрсөлдөх хүн бол улс төрийн хүрээнд “хатуу самар” гэж нэрлэгддэг эрхэм. Монгол төрд хийсэн зүйлтэй хэлэх үгтэй улстөрч болох “Увсын” Ц.Нямдорж нэр дэвшчээ. Хуульч мэргэжилтэй бөгөөд Хуульзүйн сайдаар ажиллаж байсан туршлагатай гээд бидний сайн мэдэх цөөхөн улстөрчдийн нэг. Гэвч Г.Байгальмаагаас ялгаатай нь энэ эрхэм монгол төрд таван удаа сонгогджээ. Тиймдээ ч хийх ёстой ажлаа хийчихсэн нэгэн гэж хэлж болно. Улс төрд салхи оруулах цаг болсон гэдгийг ч өөрөө мэдэх билээ. 57 дугаар тойрогт АН-аас Хан-Уулаас сонгогдсон Лу.Болд дахин нэр дэвшлээ. Лу.Болд мөн л Германд боловсрол эзэмшсэн боловсролтой улстөрч. 


1990 онд АИХ-ын депутатаас эхлээд өдгөө дөрвөн удаа УИХ-д суусан байна. Түүний хувьд хувийн хэвшил, төрийн өндөр албан тушаалд сайд хүртлээ явсан нэгэн. Улс орны батлан хамгаалах салбарын бодлогыг ярилцаж, нөгөө талаар Монгол Улсын нэр хүндийг гадаад орнуудад өргөх Гадаад хэргийн сайдаар хүртэл ажиллаж байв. Хан-Уулаас өмнө сонгогдохдоо газрын иргэдэд өмчлүүлэх тухай ярьж бага зэрэг шүүмжлүүлснийг эс тооцвол нийгмийн асуудал, зам дэд бүтцийн асуудлыг шийдэх талаар Ц.Оюунгэрэл гишүүнтэй хамтран чамгүй их ажил хийжээ. Лу.Болд Хан-Уулчуудын итгэлийг олсон нэгэн гэдгийг сөрөг хүчин болох МАН мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас үндсэндээ энэ тойрогт тун сулхан өрсөлдөгч явуулж “бэлэг” барьсан аж. 

Гэхдээ тэр эмэгтэй нэр дэвшигч. Намын Удирдах зөвлөлд зургаан эмэгтэй ажилладаг бөгөөд нэг нь С.Оюунбилэг юм. Санхүүч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн НАМЭХ-ны тэргүүнээр ажилладаг. С.Оюунбилэгийн хувьд Удирдах зөвлөлд намын анхан шатны төлөөлөл болж орж иржээ. Дүүрэг хэсгийн хорооны ажлыг сайтар мэддэг гэсэн үг. Тиймдээ ч хүчтэй өрсөлдөгчтэй тулж тэр хэрээр улс төрийн арвин туршлага хуримтлуулах билээ. Улс төрийн хүрээлэлд өөрийгөө таниулна гэдэг юу юунаас илүү чухал юм. Харин 58 дугаар тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Г.Батхүү нэр дэвшсэн байна. Өвөрхангайн тойргоос хэл амтайхан ялалт авч УИХ-д орж ирсэн энэ эрхмийн тухай сайн муу, саар мэдээлэл олон бий. 

Гэвч монгол төрд туршлага суусан улстөрч болж чаджээ. Г.Батхүү ЗХУ-д инженер, эдийн засагч мэргэжлээр сурсан, УИХ-д гурван удаа сонгогдсон. Зам тээврийн салбарт хоёр ч удаа сайдаар ажилласан туршлагатай толгой. УИХ-ын дэд даргаар ажиллаж, хувь хувьсгалын салбарт амжилттай ажиллаж яваа нэгэн юм. Тэгвэл МАН мөн л энэ тойргийг АН-д “бэлэглэсэн” гэж хэлж болно. НИТХ-ын төлөөлөгч, хэний ч танихгүй шахам Б.Энх-Амгалан гэх залууг нэр дэвшүүлжээ. “Мишээл” группийн захирал гэх мэтээр дандаа хувийн хэвшилд ажиллаж байснаас биш төрийн албанд ажилласан туршлага тун ч дулимаг нэгэн. Хувийн хэвшилд ажиллахдаа ч асуудал үүсгэж, хувьсгалийн ажил хийхдээ ч дуулиан дэгдээж явдаг түүний хувьд Хан-Уулчуудын итгэлийг авч чадах эсэхийг хэлэхэд эрт байна. 

МАХН-ын нэр дэвшигчид МАН-ын саналыг хуваах нь ээ 

МАХН-ынхан хэзээнээс л МАН-ын саналыг хуваах нэр дэвшигчидтэй. Угсаа гарвал нэг байсан гэдгээрээ МАН-д танигдсан улстөрч МАХН-д орчихдог учраас дэмжигчдийн хувьд ч хоёр хуваагддаг нь худлаа биш. Тэгвэл МАХН энэ тойрогт тун их ач холбогдол өгч чамгүй боловсролтой хүмүүсийг сойжээ. 55 дугаар тойрогт МАХН-аас Шадар сайд Ц.Оюунбаатар нэр дэвшихээр боллоо. Тэрбээр, хуульч, эдийн засагч мэргэжилтэй. Төрийн хууль цаазын зөвлөх, Улсын прокурорт Ерөнхий хяналтын газрын дарга, Татварын албанд даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Тэгвэл 56 дугаар тойрогт мөн л боловсролтой нэгэн очжээ. 

Гэхдээ улс төрийн хүрээнд түүнийг таних хүн байхгүй. Б.Хэрлэн нь Удирдлагын академид багшаар ажилладаг бөгөөд доктор профессор албан тушаалтай. Гэвч энэ бүсгүйн талаар мэдээлэл тун хомс аж. 57 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Лхагвасүрэн сүүлийн үед олны анхаарлыг татаж, танил болсон эрхэм. Тэрбээр, Г.Шийлэгдамба авлигын хэргээр баривчлагдаад явсны дараа МАХН-аас ЭМС-ын сайдад нэр дэвшсэн билээ. Ц.Лхагвасүрэн нь Герман, Австри, Франц, Голландад мэргэжил дээшлүүлж боловсрол эзэмшсэн академич, анагаах ухааны доктор, профессор цолтой. ЭМШУИС-ийн захирлаар ажиллаж байсан, энэ салбарт эрдмийн зэрэг цол хамгаалах хүмүүсийн зөвлөлийг удирдаж ажилладаг, үндсэндээ анагаахийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн юм. Тэгвэл 58 дугаар тойрогт МАХН-аас Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж буй, Сүхбаатар аймгийн МАХН-ын дарга Х.Оюунцэцэг нэр дэвшчээ. Энэ эмэгтэйн талаар мөн л мэдээлэл хомс байна. 

Хан-Уулын тойрогт Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл мөн л дөрвөн нэр дэвшигчээ явуулсан байна. Бидний сайн мэдэх “Хонх” хамтлагийн гитарчин Д.Энхболд нэр дэвшчээ. Тэрбээр, ЗХУ-д боловсрол эзэмшсэн, бидний сайн мэдэх ардчиллын алтан хараацай нарын нэг С.Цогтсайханд тоогдож хамтлагт нь гитарчнаар ажиллажээ. 56 дугаар тойрогт нэр дэвшигч Х.Амарсайханы талаар мэдээлэл тун хомс. Тэгвэл 57 дугаар тойрогт Мал эмнэлгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох нэр дэвшчээ. Биокомбинатын Үйлдвэрлэл-технологийн албаны дарга, Ерөн¬хий технологич Ц.Өлзийтогтох салбарынхаа хөгжил, шүүмжлэлтэй асуудалд чамгүй дуугардаг, тэмцэгч нэгэн билээ. 58 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Одончимэг мөн л улстөрд танигдаагүй нэгэн бололтой. Улс төрийн шинэ хүчин гэгдэж байсан ХҮН-аас Ж.Лхагвасүрэн бие даан 55 дугаар тойрогт нэр дэвшчээ. Тэрбээр, дэлхийд 13-т, Азидаа нэгдүгээрт бичигддэг Японы улсын Токиогийн Их сургуулийг төгссөн анхны монгол оюутнуудын нэг. 

Түүний хувьд тус сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгсөөд Японы нэгэн тинк танк судалгааны компанид ажиллаж байгаад 2005 онд эх орондоо ирж 2006 оноос “Ёкозунанэт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар одоог хүртэл ажиллаж байгаа юм. Тэрбээр, ХҮН-ын дэд даргын албан тушаалд ажиллаж байгаа. Тэгвэл “MDG” группын захирал Б.Одсүрэн ХҮН-аас бие даан нэр дэвшчээ. Мөн л мундаг боловсролтой залуусын нэг. Харин улс төрийн туршлага түүнд байхгүй. Орос школтой, гадаадад дээд сургууль төгссөн, Канад модон хаус Монголд анх оруулж ирж байсан бизнесийн хувьд сийрэг толгойтой энэ залуу сүүлийн үед залуусын үлгэр дууриал авдаг нэгэн болоод буй юм.  57 дугаар тойрогт нэр дэвшсэн Т.Доржхандыг өдгөө танихгүй хүн ховор биз. Гэвч мань нөхөр буруу талаар олонд танигдчихсан. Намынхаа тамга тэмдгийг булааж гүйж, намаа хоёр хуваасан хэрэгт орж байлаа. 

Гэвч хувь хүнийхээ талаас мөн л өндөр боловсролтой залуусын нэг хэмээн үнэлэгдэж байгаа билээ. МУИС-ийг Төрийн санхүүгийн мэргэжлээр төгсч, Японы Хитоцубаши Их сургуулийг мөн л эдийн засагч, төрийн бодлогын мэргэжлээр магистр хамгаалсан. Санхүүгийн салбарт мэргэжилтнээс эхэлж дарга хүртлээ ажилласан, Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл дэх Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Гэвч мөн л улс төрийн хүрээнд шинэ нэгэн аж. 58 дугаар тойрогт нэр дэвшсэн Д.Гантулга мөн л мундаг боловсролтой залуу. Монголын Актуарчдын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал албан тушаалтай бөгөөд даатгалын салбарт шинэ салхи оруулсан, нөгөө талаар эдийн засгийн чиглэлээр сүүлийн үед тууштай дуугарч байгаа нэгэн юм. Тэд бүгд боловсролтой залуус. Гэвч намынх нь хагарал бутрал зөрчил тэдний нэр хүндийг бүр мөсөн унагасан билээ. 

Эх орончдын нэгдсэн эвслээс энэ тойрогт доктор Т.Баярхүүг нэр дэвшүүллээ. Эдийн засгийн ухааны доктор, Эртний Монгол гүн ухаан судлаач энэ эрхэм “Соён гэгээрүүлэгч” телевизээр илтгэл уншиж, өөрийн гэсэн үзэгчидтэй болсон. Мэргэжлийн боксын дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв өнөө жилийн сонгуулиар их улс төрд хүч үзэж буй спортын алдартнуудын эгнээг мөн тэлжээ. Урлагийн хүн урлагтаа, спортынхон спортоо гэх шүүмжлэл түүнийг ч мөн тойроогүй юм. Тиймдээ ч их спортоос их улс төрд орох эсэхийг хан-уулчуудын шийдвэр мэдэх билээ.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.