М.ЗОРИГТ: Улаан-Үд-Улаанбаатар-Тяньжины транзит тээвэр наймдугаар сараас эхэлнэ

М.ЗОРИГТ: Улаан-Үд-Улаанбаатар-Тяньжины транзит тээвэр наймдугаар сараас эхэлнэ

Монгол, Хятад, Орос улсын хооронд хийх транзит тээврийн асуудлаар Зам, тээврийн сайд нарын уулзалт ОХУ-ын Улаан-Үд хотод болжээ. Энэ талаар Зам, тээврийн сайд М.ЗОРИГТТОЙ ярилцлаа.

-Гурван улсын Зам, тээврийн сайд нарын уулзалтаар ямар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Энэ тухай тодорхой мэдээлэл өгнө үү?


-Монгол, Орос, Хятад улсын Зам, тээврийн яамдын ажлын хэсгийн уулзалт тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаан-Үд хотод боллоо. Өмнөх уулзалт энэ оны гуравдугаар сарын 31-нд Москва хотод болсон юм. Энэ уулзалтаар гурван тал НҮБ-ын ЮНЕСКАП-ын дэргэдэх Азийн авто тээврийн сүлжээ замыг хариуцсан байгууллагын бодлогын хүрээнд гурван талт хэлэлцээрийг яаравчлах, талуудын тээврийн хэлэлцээрт оролцох асуудлыг тохирсон. Тус хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолыг 2016 оны арванхоёрдугаар сард зохион байгуулахаар ярилцаж байсныг наашлуулж, зургаадугаар сарын 23-24-ний өдөр Ташкент хотноо болох дээд хэмжээний уулзалтын үеэр эцэслэн гарын үсэг зурахаар боллоо. 

Энэ хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүрх АН-4 буюу Баян-Өлгийн Цагаан байшинтын боомтоор Оросоос орж ирээд Ховд аймгийн Ярантын боомтод хүрч, Хятадын Шинжаан Уйгар руу гарах коридор үүсгэх, АН-3 коридорыг ашиглах талаар тохиролцсон байх учиртай юм. АН-3 нь Тяньжинаас ачаа ачиж, Эрээн хотод ирээд Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгээр дайрч Улаан-Үд хүрэх маршрут юм. Энэ коридор нь маш урт зам учраас эхлээд туршилтын тээвэр хийх ёстой гэдэгт талууд нэгдсэн. Үүнд бэлтгэх ажлын хэсгийг манай яаман дээр байгуулаад ажиллаж байна. Ажлын хэсэгт манай хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс гадна хил, гааль, замын цагдаа, мэргэжлийн хяналтынхнаас гадна орон нутгийн Засаг даргын Тамгын газар, тээвэрлэгч компанийн төлөөлөл багтаж байгаа. Бид Улаан-Үдэд гурван талын уулзалтыг хийж, ямартай ч туршилтын тээвэр хийх хугацаа, бүрэлдэхүүн болон бусад асуудлыг тохиролцоод ирлээ.

-Туршилтын тээврийг хэдийд, ямар бүрэлдэхүүнтэй хийхээр болов?

-Гурван тал өөр өөрийн саналыг дэвшүүлж хэлэлцсэний эцэст наймдугаар сарын 15-20-ны өдөр Тяньжинаас Улаан-Үд хүрэх туршилтын тээврийг хийхээр тохиролцсон. Үүнд чингэлэг, битүү тент, хөргүүр бүхий гурваас доошгүй ачааны авто машиныг улс бүхэн оролцуулахаар боллоо. Түүнийг дагалдаж эмнэлгийн анхан шатны тусламж, авто машинд засвар үйлчилгээ үзүүлэх баг, хэвлэл мэдээллийнхэн бо­лон төлөөлөгчдөд зориулсан том оврын автобус унаа зэрэг өр­гөн бүрэлдэхүүнтэйгээр аялалд оролцоно. Үүнээс гадна аюулгүй байдлыг хангах цагдаагийн хам­гаалалт, хооллож ундлах, амрах байр буудлыг тухайн улс өөрийн нутаг дэвсгэр дээр хариуцаж ажиллахаар тохиролцсон.

-Нэгэнт цаг хугацаатай, олон улсын тээврийн асуудал яригдаж байгаа болохоор хил, гаалиар нэвтрэхэд хөн­гөн шуурхай ажиллагаа шаардлагатай байх. Энэ талаар ярилцаж тохирсон уу?

-Монгол, ОХУ олон улсын Тээврийн конвенцод нэгдчихсэн. Энэ нь хил, гаалиараа түргэн шуурхай нэвтрүүлэх үүрэг хүлээдэг баримт бичиг л дээ. Хятад улс үүнд нэгдэхээр ярилцаж байгаа юм билээ. Наймдугаар сар гэхэд гарын үсэг зураад баталгаажуулчихвал асуудалгүй болно. Энэ туршилтын тээврийн явцад зардал мөнгө багагүй гарна гэж Хятадын талаас санал гаргасны дагуу НҮБ-ын ЮНЕСКАП, АХБ зэрэг байгууллагаас санхүүжилт авах хүсэлтээ илгээхээр болсон. 

Мөн хэвлэл мэдээллээр сурталчлахын тулд Тяньжин, Улаанбаатар, Улаан-Үд хотуудад нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахын дээр нэг хэв загвараар өөрсдийн хэлээр бичсэн сурталчилгааг машин бүр дээр байршуулна. Туршилтын тээвэрт оролцох бүх хүний визний асуудлыг талууд яаралтай, хурдан шуурхай шийдэж өгөх талаар тохиролцоонд хүрсэн. Зургад­гаар сарын 30-ны дотор өөрийн орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх маршрут, хөтөлбөрийг боловсруулж талуудад хүргүүлэх юм.

-Энэ асуудал нэлээд олон жил яригдсаны эцэст ажил хэрэг болох нь. Улс дамнасан транзит тээврийн ач холбогдлыг та бүхэн хэрхэн харж, төсөөлж байна вэ?

-Туршилтын транзит тээврийн явцад газар орон, замын нөхцөл байдал, үйлчилгээний газар, автомашины засвар,бензин шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоох юм. Орос руу манайхан явдаг. Харин Тяньжинаас Эрээн хүртэл манай бараа бүтээгдэхүүнийг хятадууд л хийдэг байсан. Тэгэхээр бид өөрсдөө тээвэр хийдэг болсноор эдийн засаг, цаг хугацааны асар их боломж бололцоо нээгдэх юм. Нөгөө талаар АН-3, АН-4 коридороор тээвэр хийдэг болсноор зам дагуух сум орон нутгийн хөгжилд ч багагүй нөлөө үзүүлнэ гэж харж байна. Мөн олон улсын гэдэг үүднээс НҮБ-ын холбогдох байгууллага харж дэмжиж байгаа учраас илүү өргөн хүрээтэй болох үүд хаалга нээгдэнэ гэж бодож байгаа. Үүнийг дагаад замын арчлалт хамгаалалт, тэмдэг тэмдэглэгээ ч сайжрах нь дамжиггүй.

-Тяньжинаас татах ачаа бараа хангалттай байж чадах уу. Улаан-Үдээс ч гэсэн хоосон явахгүй байлгүй дээ, тийм үү?

-Тээвэрлэгч компаниудтай санал солилцоход ачаа бол асуудалгүй юм шиг байна. Наад зах нь Солонгос, Японоос манайхны оруулж ирж буй авто машинууд Тяньжинаар л дамжина шүү дээ. Түүнийг вагонд ачиж цаг хугацаа алдаж байхаар автомашинаар тээвэрлээд ирэхээр эдийн засгийн хэмнэлттэй. Үүнийг дагаад үнэ ханш нь буурах боломжтой болно. Нөгөө талаар Өмнөговьд эдийн засгийн хямрал, эрдсийн ханш унасантай холбоотойгоор ажилгүй зогсч байгаа хүнд даацын машинууд ажилтай болох магадлалтай. Одоогоор 10 гаруй компани энэ тээвэрт  хамрагдахаар саналаа ирүүлсэн байна. Оросоос бол импортын бараа хангалтгтай байгаа шүү дээ. Зургадугаар сард гурван тал транзит тээврийн талаарх хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа бусад компани олон улсын транзит тээврийн зөвшөөрлөө аваад энэ ажилд оролцох боломжтой.

Эх сурвалж: www.mminfo.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.