Аялал эхэллээ, Анхаарал болгоомжтой бай

Аялал эхэллээ, Анхаарал болгоомжтой бай

Х.БАЯР

Өнгөрөгч 2023 онд иргэдийн амралт, зугаалга, аялал эхлэх гэж байгаа ойрын хэдэн хоногт хур бороо элбэгтэй, усархаг аадар орно хэмээн Ус цаг уурын байгууллагаас мэдээлж байна. 

Яг үүнтэй зэрэгцээд сургуулийн амралт эхэлж хүүхэд багачууд гол ус бараадан тоглож наадна, томцуулын ч амралт болж гэр бүл найз нөхдөөрөө аялалд гарна. Энэ жил олон аймаг сум байгуулагдсаны 100 жилийн ой болж  хэн хүнгүй л төрж өссөн, эцэг эхийнхээ уугуул нутгийн ойд оролцохоор замд гарна. 

Ийм болохоор орон нутгийн замуудад хөдөлгөөн ихсэх нь мэдээж. Ийм нөхцөлд  хөдөлгөөнд орон зорчиж яваа жолооч зорчигчид  замд гарахаасаа өмнө машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж нягтлахаас аваад замд гарсан хойноо хурдаа тохируулж, шөнө оройн цагаар гэрлээ шилжүүлж явах нь зөвхөн таны, танай гэр бүлийнхний  ч биш,  бусад  хүмүүсийн аюулгүй байдалд чухал гэдгийг санаж явах хэрэгтэй байна. 

Өнгөрөгч 2023 онд гэхэд л зам тээврийн ослын улмаас 53 хүүхдийн амь нас эрсэдсэний 32 нь орон нутгийн замд осолдсон аймшигт мэдээ байна. Энэ сургамжийг давтахгүй л байхсан. 

Үүнээс гадна хур бороо элбэг байх нь гээд Ус цаг уурын байгууллага анхааруулаад байна. Хур борооны үеэр үер ус болох, салхинаас үүдэн байшин барилгын хийц нурах, хуурч хийсч болзошгүй  тул болгоомжтой байхыг Онцгой байдлын газар ч давхар анхааруулж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар Сэлбэ, Сөгнөгөр, Улз зэрэг голуудын усны түвшин 5-10 см нэмэгджээ. Түүнчлэн Алтайн нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд, Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 5-10 см орчим давсан байна хэмээн Ус цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Тэгэхээр амарч, аялж яваа иргэд,  хөдөө хээрийн замд заавал зориулалтын баталгаат зам, гүүрээр явж, энд тэнд амарч тухалж байхдаа хүүхэд багачуудаа байнга харж хандаж анхаарч байх хэрэгтэй байна. 

Төв суурингийн айл өрхүүд ч үер усны болзошгүй аюулаас сэрэмжилж  үерийн аман дээр буусан бол нүүж, үгүй юм гэхэд далан шуудуу ухан ус үерээс сэргийлсэн арга хэмжээ авч байх нь чухал. 

Өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр орсон түр зуурын усан борооноор гэхэд л  Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны олон айл өрх үерт автан гамшиг тохиосныг мартаагүй гэж найднам. 

Зуны дэлгэр цаг, амралт аяллын үе гэхээр хүмүүс налайж тайвшран анхаарал болгоомж сулардаг гэм зуршил бий. 

Аялж зугаалж хол замд зорчиж амарч тухайлж байгаа нь ч бай, гэр орондоо амарч, гол усны эргээр зугаалж байгаа нь ч тэр анхаарал болгоомжтой байж үр хүүхэд, ялангуяа бага насны хүүхдийг элдэв эрсдэлээс сэргийлж байх, энэ талаар бие биендээ хэлж анхааруулж байх нь  өөрт чинь төдийгүй өрөөл бусдад хэрэгтэйг сануулах юун. 

Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж байдаг ч  ард иргэд өөрсдөө анхаарал  болгоомжтой байвал эрсдэл, хохирол багатай даван туулж болдог гэдэг. Тэгээд ч аваар осол, гамшгийн үеийн хохирлын дийлэнх нь хүмүүсийн өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаас болдог гэдэг.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр  

2024 оны зургадугаар сарын 03. Даваа. №056 (5974)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ