С.Бямбацогт: 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ

С.Бямбацогт: 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Тээврийн долоо хоног" олон улсын форумд Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж сэдвээр илтгэл танилцуулав.

Манай улс саяхныг хүртэл БНХАУ-тай төмөр замаар Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан боомтоор холбогдож байсан. Харин өнөөдөр Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг шинээр холбох ажлыг амжилттай эхлүүлж Хятадын талтай тохирч чадсаныг тэрбээр онцолсон.

Цаашлаад Ханги-Мандал, ОХУ-тай Арцсуурь-Цагаантолгой зэрэг дараагийн шинэ гарцуудыг нээхээр Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам анхааран ажиллаж байгааг хэлэв.

Ингэснээр төмөр замын таван шинэ гарцтай болохын сацуу хил холболтын төмөр замууд баригдаж, шинэ гарцууд нээгдсэнээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ гэсэн юм. 

Тэрбээр, Бидний урд хойд хөрш, Ази Европ, цаашлаад далайд, дэлхийд гарах гол гарц бол төмөр зам. 2019 онд ганцхан төмөр замын төв коридороор 28.2 сая тонн ачаа тээвэрлэж байсан. 2023 оны байдлаар шинэ төмөр замуудын туршилтын тээвэрлэлтүүдийг эхлүүлж, 37.7 сая ачаа тээвэрлэхээр ажиллаж байна.

Мөн 2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 3.6 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэв. 

Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт Тээврийн долоо хоног 2023 олон улсын форум хоёр дахь өдрөө боллоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ