“Худалдаачин үндэстэн”-ээс "Дорнын түншлэл" рүү

“Худалдаачин үндэстэн”-ээс

БНХАУ-д хил дамнасан цахим худалдааны 165  чөлөөт бүс бий

 Монгол Улс, БНХАУ-ын худалдааны эргэлтийг ойрын таван жилийн дотор 20 тэрбум  ам.долларт хүргэх хоёр улсын засгийн газрын зорилт бий. Цаасан дээр үзэглэсэн энэ тоог ажил хэрэг болгоход шинжлэх ухаанч, албан ёсны, үнэн бодит мэдээлэл төдийлөн хангалттай байдаггүй. Тэгвэл Монголын бизнес эрхлэгчид олон улсын зах зээлд гарах, шинэ түншүүдтэй болох, худалдаа эдийн засгийн цоо шинэ гарц нээх гээд өнөөгийн бизнес, хөрөнгө оруулалтын салбарын хувьд томоохон боломжуудыг нээсэн “Худалдаачин үндэстэн” шинжээч, хөрөнгө оруулагчдын анхдугаар форум ирэх баасан гарагт болох гэж байна. “Монгол-Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагааг хэлэлцэх нь” сэдвийн дор болох энэхүү форумын үеэр өмнөд хөршийн бизнесийн салбарынхантай бодитоор холбогдох бүх талын боломжийг нээх, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд тулгараад байгаа саад бэрхшээлүүдийг харилцан ярилцах, хамтран шийдэхэд форумын гол зорилго чиглэж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Зуун зуунаар алдаршсан Ази Европын “Торгоны зам”-ын түүхэн улбаа одоо ч тод мөртэй байгааг сануулах, өмнөд хөрштэй хийх худалдаа хөрөнгө оруулалтыг бодитоор нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөж дээшлэх гээд эерэг олон үр дүнг тус форумаас хүлээж болно.

Форумыг “Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлөөс санаачлан анх удаа зохион байгуулах гэж буй юм. Тус зөвлөлийг товч танилцуулахад, Монголын бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарахад дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад хөрөнгө оруулахад нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилготой санхүү, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, олон улсын тээвэр, франчайзингийн талаар сургалт судалгаа хийх, бизнесийн зуучийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ашгийн бус байгууллага юм.

Судалгаанд суурилсан, бодит мэдээлэлд тулгуурласан гэдгээрээ илүү их ялгарахыг хичээдэг тус хамт олныг БНХАУ-д мэргэжил эзэмшиж, судалгааны чиглэлээр мэргэшсэн судлаач удирддаг. “Монгол, Хятадын улс төрийн харилцаа өндөр түвшинд байгаа ч түүнийг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа гүйцэж чадахгүй байгаад шинжээчдийн анхаарлыг хандуулах шаардлага бий” хэмээн форумыг зохион байгуулагч, “Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлийн тэргүүн, “БНХАУ-ын Жөжяний үйлдвэр Худалдааны их сургуулийн төгсөгч Б.Дашравдан ярьж байна. Тэрбээр  “Хятадаас худалдан авалт хийхэд хамгийн багадаа 86 төрлийн хөнгөлөлт эдэлдэг. НӨАТ-ын буцаалт 13 хувь хүртэл байдаг. Хятадын инновац шингэсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авбал буцаалтаа 15 хувь хүртэл авдаг. Ядууралтай тэмцэж байгаа бүс нутгаас худалдан авалт хийвэл мөн буцаалт авдаг. Зөвхөн “Табао”, “Жиндун” зэргээр зах зээлийг нь хязгаарлаж болохгүй. БНХАУ-д хил дамнасан цахим худалдааны 165 чөлөөт бүс байна. Бүс бүр өөрийн дүрэмтэй. Журмыг нь ойлгочихвол аль платформ руу орох нь тийм ч чухал биш” хэмээн тэрбээр ярьж байна. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсанчлан бодит байдалд тулгардаг харилцааны асуудлыг шийдвэрлэх, хоёр улсын бизнесийн соёлын онцлогийг бизнес эрхлэгчдэд танилцуулах, Монголын талаас өмнөд хөрш рүү түүхий эдийн экспорт, Хятадаас Монгол руу өргөн хэрэглээний барааны хилийн худалдааны импорт хийх явцад үүсдэг хүндрэлийг гэтлэх талаар олон талт мэдээлэл өгөх юм.

Энэ утгаараа манай улстай газар нутаг хамгийн ойр, хамгийн том түнш орон болох БНХАУ руу чиглэсэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлжээ. Монгол бол газар зүйн хувьд хоёр том хөршийн дунд хязгаарлагдмал боломжтой гэж болох ч нөгөө талаар бид дэлхийн хамгийн том зах зээлтэй хаяа залган оршдог азтай улс. Энэ утгаараа бизнес, эдийн засгийн агуулгаар харвал Монголын бизнесменүүд өмнөд хөрштэй амжилттай түншилж чадвал зах зээлийн их далайд хөл алдахгүй өсөн дээвших асар том боломж бий.

 Мэргэшсэн шинжээчид мэдээлэл өгнө

Анх удаа зохион байгуулж буй “Худалдаачин үндэстэн” форумыг шинжээч, хөрөнгө оруулагчдын гэж онцолж байгаа нь учиртай. Худалдаа хөрөнгө оруулалтын салбарт хурал, форум олон болдог ч мэргэжлийн эксперт, шинжээчдээр зовлон жаргалыг нь яриулдаг, асуудал шийдлээ хамтдаа хайдаг нь хэд билээ. Тиймээс ч “Худалдаачин үндэстэн” форумд зөвхөн бизнес эрхлэгчид төдийгүй хөрөнгө оруулалтаар мэргэшсэн шинжээчид хүрэлцэн ирж илтгэл танилцуулж, салбарын чухал мэдээлэл өгөх учир илүү үнэ цэнтэй байх нь дамжиггүй.

Энэхүү арга хэмжээнд дээр хэлсэнчлэн Монгол, Хятадын гадаад, худалдаа, Хөрөнгө оруулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн, бодлого боловсруулагчид оролцож, бизнэс хөгжүүлэхэд ач холбогдолтой бодит мэдээлэл, шинжлэх ухаанч судалгааг олон нийтэд хүргэнэ. Ялангуяа бизнес эрхлэгчдэд Монгол, Хятад хоёр улсын эдийн засгийн орчин, хууль, дүрэм, хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулна. БНХАУ-аас хэд хэдэн томоохон бизнесийн шинжээч, судлаачид урилгаар оролцох юм. Тухайлбал, БНХАУ-ын Шэньжэн хотын Хил дамнасан цахим худалдааны нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Дафень, БНХАУ-ын Ляонин Их Сургуулийн Зүүн хойд Азийн бүсийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Бэ Дөли,  Монгол Улсын БШУЯ-ны харьяа Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Д.Одгэрэл, БНХАУ-ын Шэньжэн Бэй лаборатори, био анагаах ухааны төвийн захирал Жоу Жун нар хүрэлцэн ирж илтгэл тавина. Био анагаах ухааны төвийн захирал Жоу Жун гэхэд БНХАУ-ын Бээжингийн Нисэх, Сансар судлалын Их Сургуулийн фармоколгийн доктор, АНУ-ын Лос Анжелес хотод Калифорнийн их сургуульд докторын дараах судалгааны ажлаа хамгаалсан, салбартаа танигдсан судлаач эрдэмтэн юм.

Мэдээж энэ үеэр хоёр орны олон улсын худалдаа, тээвэр ложистик, хил боомт, гадаад хөрөнгө оруулалт, татварын орчин, Хятадын хил дамнасан цахим худалдааны чөлөөт бүсийн судалгаагаар мэргэшсэн судлаачдын бүтээл, эрдэм шинжилгээний сүүлийн үеийн мэдээллийг эх сурвалжаас нь авах боломжтой. Мөн хүрэлцэн ирсэн зочид хоёр орны төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны багийн гишүүн болох бөгөөд ингэснээр ирэх оны гуравдугаар сар хүртэл долоо хоног бүр монгол хятадын худалдааны, хөрөнгө оруулалтын орчин, шинэ боломжуудын талаар мэдээлэл авч салбарын цаг үеийн мэдээллээс хоцрохгүй байх боломжтой.

“Худалдаачин үндэстэн” уламжлал болно

“Худалдаачин үндэстэн-2023” анхдугаар форумыг санаачлагч залуус анхны томоохон арга хэмжээгээ арваннэгдүгээр сарын 11-ний өдөр сонгон зохион байгуулж байгаа нь ч учиртай. Нэгийн тоо анхны форумыг бэлгэдэж байгаа бол манай улсаас оролцох нийт оролцогчдыг ч 111 байхаар бүртгэлээ эхлүүлжээ.

Монгол, Хятад хоёр улсын хувьд уламжлалт гадаад худалдааны бүтэц, зээл, буцалтгүй тусламж хэлбэртэй хөрөнгө оруулалт илүүтэй явагддаг. Тэгвэл одоо үүнийг өөрчилж, итгэлцэл, түншлэлд тулгуурласан инновац, шинжлэх ухаан технологи, ноу-хау, тогтвортой хөгжил, мэдлэг шингэсэн эдийн засаг, худалдааны харилцааг төлөвшүүлэхэд Монгол Улсын төр, хувийн хэвшил, судлаачдын зүгээс бодит санал санаачилга гаргах цаг үеийн шаардлага байгаа юм.

“Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлөөс “Худалдаачин үндэстэн” шинжээч, бизнес эрхлэгчдийн форумыг жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд уламжлал болгон зохион байгуулж байхаар төлөвлөжээ. Мөн жил бүрийн гуравдугаар сарын 23-нд “Дорнын түншлэл” бизнесийн уулзалт явуулж дотоод, гадаадын бизнесийн байгууллагуудын танилцах, холбоо тогтоох, хамтын ажиллагааны санамж, гэрээ байгуулах бололцоог олгох юм. Цаашид энэхүү хоёр арга хэмжээ нь дан ганц монгол, хятад гэсэн хоёр улсаар хязгаарлагдахгүй. Ирэх онд Зүүн өмнөд Азийн эдийн засгийн холбоо буюу АСЕАН-ы орнуудын шинжээч, бизнес эрхлэгчдээр форумын хүрээг тэлэх боломжтой гэсэн өөдрөг ирээдүйг хүлээж буйгаа форумын санаачлагч залуус ярьж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.