УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сонгогдсон тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сонгогдсон тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ амралтын өдрүүдэд өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж, Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. 

Өнгөрөгч бямба гарагт 2, 21, 27 дугаар хорооны иргэдтэй уулзсан бол ням гарагт 1, 2, 7 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзалт хийв. Тойргийнхонтойгоо уулзаж буй энэ удаагийн уулзалт мэдээж түүний  анхых биш юм. Тэрбээр  хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн Тусгаар тогтнолын ордонд иргэдтэйгээ уулзаж, 200 хүүхдэд  хичээлийн хэрэгсэл, 12 оюутанд “Отгонтэнгэр” их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг  гардуулж,  иргэдтэйгээ санал бодлоо хуваалцсан. 

Уулзалтад оролцогчид  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг  тойргийнхоо иргэдтэй ойр ойрхон уулзаж, санал хүсэлтийг нь сонсч байгаад баярлаж буйгаа илэрхийлж байв.  Баянзүрх дүүрэг нь хамгийн их хүн  амтай, хамгийн их газар нутагтай дүүрэг. Энэ утгаараа захын гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээ хангалттай хүрдэггүй, гэрэл цахилгаангүй, дэд бүтэц, амьдрах орчин, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн асуудал хангалттай биш гээд тулгамдсан асуудал тус дүүрэгт чамгүй  бий. Тиймээс нэн тэрүүнд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн зарим асуудлаасаа эрхэм гишүүн ажлаа эхлүүлжээ.

Тухайлбал, тус дүүргийн 21 дүгээр хорооны Жамсран уулын ар талын  52 дугаар байршлын 300 өрх тоггүй хэдэн жил болж байгаа аж. Тэдгээр өрхийг гэрэл цахилгаантай болгох ажлыг шийдвэрлэсэн юм.

Тэднээс гадна хичээл номоо хийх боломжгүй ахуйн хэрэглээний хөргөгч, зурагтаа ч ашиглаж чадахгүй нөхцөлд амьдарч байгаа айлуудыг тог цахилгаантай болгох асуудлыг Эрчим хүчний сайдад уламжилжээ. Түүнчлэн 21 дүгээр  хорооны “Ачит сайхан” өрхийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн цэвэр усны шугаманд холбуулах, барилгын засвар хийлгэх, сантехникийн засвар хийлгэх 16.8 сая төгрөгийн санхүүжилт хүссэн хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад уламжилж, санхүүжилтийг нь шийдвэрлэж өгчээ.

Мөн түргэн тусламжийн машин 21, 27 дугаар  хорооны өрхийн эмнэлгүүдэд өгүүлэхээр Эрүүл мэндийн яамаар шийдвэрлүүлсэн гээд өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд их, бага гэлтгүй олон асуудлыг шийдвэрлэжээ. Уулзалтад оролцсон ахмадууд  ахмадын түрээсийн орон сууцанд оруулж өгөх, 70-аас дээш настай ахмадуудад олгохоор болсон “Насны хишиг”-ийн насыг наашлуулах гэх мэт хүсэлтийг  олноор тавьж байлаа. Энэ үеэр 21 дүгээр хорооны иргэн Жавзанпагма “Д.Оюунхорол гишүүн маань тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж байгаад  маш их баярлаж байна. Сонгогдсоноосоо хойш их бага гэлтгүй иргэд бидний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байгаад баяртай байна”  гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд Баянзүрх дүүргийн аль нэг хорооны Засаг дарга, дүүргээс надад энэ асуудлыг шийдвэрлүүлмээр байна,  шийдвэрлэх ийм асуудал байна гэж нэг ч хүн албан ёсоор хандаагүй. Та бүхний яриаг сонсч байхад дүүргээс  хийх ёстой олон асуудал орхигдсон байна. Аль нэг нам гэж талцалгүйгээр Баянзүрх дүүргийн иргэдийн төлөө үүнийг хийх ёстой гэж ажилдаа хандахгүй байгаа нь харамсалтай байна. Ийм үзэл суртлаас болж иргэд хохирох ёсгүй” гэсэн юм.

Баянзүрх дүүрэгт тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь 11 мянга гаруй хүн амтай хэрнээ төрийн өмчийн нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй  хоёрдугаар  хороо юм. Ирэх оны төсөвт тус хороонд сургууль, цэцэрлэг бариулах ажлыг суулгуулж байгаа бол Дарь-Эхийн зам дагаад үерийн ус зайлуулах хоолой хийх,  3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдэд үйлчилдэг Сувилалын цэцэрлэг яслийн 10 дугаар  цогцолборын нураад гурван жил барилгын цогцолборыг ирэх онд шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаагаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлсэн. “Өмнө сонгогдсон гишүүд дөрвөн жилд дөрөв ирвэл их юм болдог байсан бол Д.Оюунхорол гишүүн сонгогдоод дөрөвхөн сар болохдоо маш их юм хийлээ”  гэж тойргийнх нь иргэд тун ам сайтай байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.