Баривчилгаа, шалгалт үргэлжилсээр...

Баривчилгаа, шалгалт үргэлжилсээр...

Сенсаацийн эргэн тойронд

АТГ болон хууль хяналтын байгууллагуудаас авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан нэлээд олон хүнийг баривчилж, заримыг нь шалгаж эхлээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг энэ сарын 15-наас эхлэн “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтын асуудлаар шалгаж эхэлсэн бол “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Комерийн дэд захирал асан Т.Батчулуун зарим хүмүүстэй хуйвалдан, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, саатуулагдаад байна.
Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа дээрх  баривчилгааны эргэн
тойрон дахь асуудлыг онцоллоо.

200 саяын хахууль авсан Н.Батсүхийг саатуулав

2016.07.18: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх долдугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ.

Түүнийг БНХАУ-ын иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж, саатуулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Дээрх мөнгө нь хятадуудтай тохиролцсон хууль бус үйлдлийг хаацайлах гэсэн урьдчилгаа төлбөр байсан бололтой. Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байжээ. Мөн БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь тогтоогдсон байна.

Авлига өгсөн Ли овогт Хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал юм байна. Цагдаагийн алба хаагчид нотлох баримтыг хураан авч, Эрүүгийн хуулийн 268-д заасан зүйл заалтаар буюу Н.Батсүх нарыг хээл хахууль авсан гэж буруутган, АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хэрэв Н.Батсүх нар шүүхийн байгууллагаар буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэгдэх юм.

Төрийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг АТГ-аас саатууллаа

2016.09.09: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Төрийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн, энэ сарын 09-ний өдөр баривчилжээ. Т.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасанчлан хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамжийг шүүгч гаргасан тухай эх сурвалж мэдээлсэн.

Түүнийг Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч хэмээх албан тушаалаа ашиглан их хэмжээний найдваргүй зээл бусдад олгосон, ингэхдээ бусдаас хахууль авсан гэж буруутгасан байна. Мөн удахгүй Т.Дорждэрэм улсад хэдий хэмжээний хохирол учруулсан нь аудитын болон шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болох аж.

НӨХГ-ын газрын дарга Б.Амаржаргалыг баривчилжээ

2016.09.15: Нийслэлийн Өмчийн харилцааны газарт /хуучин бүтцээр/ Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг Авлигатай тэмцэх газар энэ сарын 14-нд баривчлан саатуулсан тухай эх сурвалж мэдээллээ. Б.Амаржаргалыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан байна. Мөн Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албадын дарга нарыг ч саатуулаад байгаа юм. Сүхбаатар, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцаа,  НӨХГ гэхчилэн газрын албаныхан ийнхүү хуулийн байгууллагынхны анхаарлыг татаж эхэллээ.

Бусдаас мөнгө авч, хууль бусаар газар эзэмшүүлж, өмчлүүлсэн хэрэгт холбогдох хүний тоо цаашид нэмэгдэх магадлалтайг эх сурвалж хэлсэн бол Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албаныхан ч хуулийн байгууллагын анхааралд байгаа тухай мэдээлэл байна. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар нарыг бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган, АТГ-аас баривчилж, хорих 461 дүгээр ангид хорьсон.

Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарыг тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн Хадатын аманд байрлалтай “Хадат Вилла” хотхоныг барьж буй компанид 40 айлын газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн өгч, оронд нь олон тэрбум төгрөг авсан авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан юм. Харин Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадоржийг иргэдэд олгогдох ёстой 0.07 га газрыг нь дээрэмдэн авч, газрын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгажээ.

УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ

2016.09.21: УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг энэ сарын 15-наас эхлэн АТГ-аас шалгаж эхэлжээ. Түүнийг “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтын асуудлаар шалгаж байгаа аж. Тодруулбал, дээрх бондуудын мөнгийг зарцуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. 

Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм.

Ингэхдээ бондуудын мөнгөөр “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэдэг. Гэхдээ бондын захиран зарцуулалтын тодорхой мэдээлэл өнөөдрийг хүртэл нууцлагдмал явж ирсэн билээ. Мөн “Чингис”, “Самурай” зэрэг бондын хөрөнгийг хувиарладаг байсан Хөгжлийн банкны удирдлагуудыг ч мөн АТГ-аас шалгаж байгаа юм.

МИАТ-ийн зарим удирдлагыг баривчилжээ

2016.09.25: “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Комерийн дэд захирал асан Т.Батчулуун нь найз н.Баясгалан болон ХБНГУ дахь “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчийн газрын дарга н.Дорждэрэм нартай хуйвалдан, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэн, саатуулжээ.

Т.Батчулуун, н.Дорждэрэм, н.Баясгалан нар нь онгоцны зорчигчдын үйлчилгээнд хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт ХБНГУ-ын “Schneider Со ltd..” гэх хуурамч компанийг шалгаруулж, “МИАТ” ТӨХК-д гурван еврогийн үнэтэй дарсыг таван евро нэмэн найман евро болгох зэргээр үнийг нь өсгөн бараа бүтээгдэхүүнийг шахаж борлуулан их хэмжээний орлого олсон байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр үнэтэй бараа “МИАТ” ТӨХК-д шахан борлуулж, олсон их хэмжээний орлогын мөнгөө н.Баясгалан нь Монгол Улс руу иргэн О, А нарын данс руу шилжүүлдэг байсан байна.

Улмаар “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Комерийн дэд захирал асан Т.Батчулуун, ХБНГУ дахь “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчийн газрын дарга н.Дорждэрэм нар нь тухайн иргэдээс 1.5 тэрбум гаруй төгрөгийг банкнаас гаргуулан авах үедээ үйлдэл дээрээ цагдаагийнханд баривчлагдсан тухай эх сурвалж мэдээллээ.

Сэтгүүлчийн өнцөг

Баривчилж болно, харин хэлмэгдүүлэв ээ

Сонгуулийн өмнө болон дараа баахан баривчилгаа явагдаж, албан тушаалтан, төрийн албан хаагчдыг барьж хорьдог, шалгадаг, шүүдэг байдал уламжлал болоод удаж байна. Энэ удаагийн сонгуулийн дараа ч гэсэн давтагдлаа. Долдугаар сараас авахуулаад л зарим нэг хүнийг барьж, хорьсон. Шалгаж байгаа хүний тоо бол угаасаа олон байгаа. Ер нь бол төрийн албан хаагчдыг шалгаж, үнэхээр хууль зөрчсөн, мөнгө төгрөг шамшигдуулсан, хахууль авсан бол баривчлах нь зөв өө. Улс хямраад л байдаг, хурган ч болов дарга хийсэн хүмүүс нь баяжаад, нийгмээс тасраад алга болчихоод байгаа.

Тийм болохоор цаг үргэлж шалгаж,  хууль зөрчсөн бол хариуцлагыг нь тооцуулж, улсад үзүүлсэн хохирлыг нь төлүүлж байх ёстой юм. Энэ ажлыг заавал сонгуулийн өмнө, хойно хийгээд байх ч ёсгүй. Монгол шиг албан тушаалтнууд нь авлигад идэгдчихсэн, ялзарсан, хээл хахууль тэнгэрт тулчихсан оронд үүн шиг хэрэгтэй юм алга. Харамсалтай нь энэ ажлыг зөв хийчих удирдагч манайд алга. Бүгд л хээл хахууль аваад, хөлжөөд, баяжаад дууссан. Дур нь хүрвэл “жижиг загас”-нуудаа дэгээдэж байна.

Дээрх дугуй дотор хэн хэнийг сонгуулийн хойно баривчилсныг уншигч авхай та харж байгаа байх. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга ч гэнэ үү нэг жижиг нөхөр. Гэхдээ мань хүн жижиг гэлтгүй 200 сая төгрөгийн хэрэгтэй л холбогдчихоод байгаа юм. Мөн Төрийн банкны гүйцэтгэх захирлын орогч гээд бас нэг “жараахай” тууж явсан. Хуучнаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэг жижиг даргын нэр ч тууж яваа. Арай том нь УИХ-ын гишүүн, сайд асан Н.Батбаяр. Гэхдээ түүнийг ердөө л шалгаж байгаа. Баривчилсан хүмүүсийн дунд бол МИАТ-ийн дэд захирал асан Т.Батчулуун гэдэг нөхрийн нэр дурьдагдсан.

Энэ нөхөр 1.5 тэрбум төгрөг банкнаас гаргаж авах гэж байгаад үйлдэл дээрээ баривчлагдсан хэмээн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Ийм л хэрэг ар араасаа цуварч байгаа. Энэ мэт үйлдэл дээрээ баригдсан нөхдүүд ч яахав. Хэргийг нь сайтар шалгаад, хохирол байгаа бол төлүүлээд явах хэрэгтэй.

Баривчилж болно. Үнэхээр хэрэг хийгээд, хахууль авчихсан баривчлах л ёстой. Харин хэлмэгдүүлж болохгүй. Нэг хүнийг заавал харлуулж, муухай харагдуулах гэж зүтгэж, давхар баахан хүн хэлмэгдүүлдэг, хорьдог тохиолдол манайд бишгүй л гарсан. Янз бүрийн жишээ татаж болно. Шууд баривчилж хорьчихоод, дараа нь та буруугүй юм байна гээд, уучлал ч гуйхгүй явуулдаг тохиолдол зөндөө л бий. Хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг муухай харагдуулах гэж “Нүүрс” хөтөлбөртэй холбож хэдэн хүнийг янз бүр болголоо.

Энэ хөтөлбөрийн нягтлан бодогчоор ажиллаж байсан нэг эмэгтэй шүүх хурал дээр Монголын шүүх, прокурорынхныг нүдний булай болгоо биз дээ. Дараа нь түүнийг буруугүй гээд сулласан. Өнөөх эмэгтэй нь Монголын төрөөс хохирлоо нэхэмжлээд явж байна. Мэдлэгтэй, чадвартай хүмүүс ингээд л хохирлоо нэхэмжлээд, зарим нь бүр ялалт байгуулаад, мөнгөө гаргуулаад авчихаж байгаа. Ийм л алдааг төр, хууль хяналтынхан битгий гаргаасай билээ. Түүнээс биш татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслаад, тэрбумаар нь хадгалаад, нааш цааш нь болгоод байгаа нөхдүүдийг барьж хорих л хэрэгтэй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.