Монгол Улсын Ерөнхийлөгч хагас зуун жилийн дараа Куба улсад айлчиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хагас зуун жилийн дараа Куба улсад айлчиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба улсад хийх албан ёсны айлчлал хийлээ. Угтах ёслолын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кубын үндэсний баатар Хосе Мартигийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.

Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан ёсоор угтан авч, мэндчилсэний дараа Хүндэт харуулын дарга илтгэл өгч хоёр орны Төрийн дуулал эгшиглэдээ. Угтах ёслолд Монголын талаас  УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр, Кубын талаас БНКУ-ын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Тэргүүн дэд сайд Марселино Медина, БНКУ-аас Монгол улсад суух Элчин сайд Раул Делгадо болон албаны төлөөлөгчид оролцсон байна.

Монгол, Куба  хоёр улсын улс төрийн харилцаа 1960 оны арванхоёрдугаар сард дипломат харилцаа тогтоож,  1962 оны долоо, есдүгээр сард харилцан бие биеийн нийслэлд ЭСЯ-аа нээснээр эхэлсэн аж. Улмаар 1990-ээд оноос өмнө социализмын жилүүдэд Монгол, Кубын хооронд нам, төрийн шугамаар бүх шатны төвшинд харилцан айлчлалыг өргөн хэрэгжүүлж байжээ.

Үүнээс Монголын нам, төр, засгийн удирдагч Ю.Цэдэнбал 1972 онд, Ж.Батмөнх 1984 онд тус тус Куба Улсад, Кубын Коммунист намын хоёрдугаар нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд Раул Кастро 1970 онд Монгол Улсад хийсэн айлчлал голлох байр суурь эзэлдэг юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь дээрх айлчлалаас хойш хагас зуун жилийн дараа хийгдэж байгаа албан ёсны айлчлал гэдгээрээ онцлогтой.

Ц.Элбэгдорж, Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Айчлалын хүрээнд Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалтын эхэнд Эрхэмсэг ноён Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд 1970 онд Монголд улсад айлчилж байсан дурсамжаасаа хуваалцаж, энэ тухай дурсахад үргэлж таатай байдаг тухайгаа ярилцсан байна. Тэрбээр манай хоёр улс дэлхийн бөмбөрцөгийн хоёр талд байдаг ч олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж цаашид ч энэхүү уламжлалаа хадгалах нь чухал болохыг тэмдэглэв.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ Эрхэмсэг ноён Раул Кастро болон найрсаг Кубын ард түмэнд найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд Куба улс нь Латин Америкийн бүс нутгийн орнууд дотроос Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс бөгөөд өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд хоёр орны найрсаг харилцаа батжин хөгжиж ирснийг онцжээ. Уулзалтын үеэр хоёр тал боловсролын салбар дахь хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Куба Улсын Засгийн газраас олон жилийн турш Монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлэгийг цаашид нэмэгдүүлэхээр болсон байна.

1994 оноос Кубын засгийн газар жил бүр 2-3 оюутан шүдний эмч, хүний их эмч болон эмчилгээний чиглэлээр Монголын оюутан залууст сургалтын тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд 2016 оны байдлаар 140 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдаад байгаа юм байна. Мөн хоёр орны хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, эм, эмнэлэгийн салбарт хамтран ажиллахаар ярилцаж, Элэгний гeпатит B,C вирусын эсрэг тарилга, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож чадлаа. Албан ёсны хэлэлцээ болон уулзалт таван цаг гаруй үргэлжилж маш өргөн хүрээний сэдвээр санал солилцсон байна.

Кубын биотехнологийн төвд зочиллоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалын хүрээнд Кубын “Генетикийн инженер, био­технологийн төв”-д зочиллоо. Ерөнхийлөгчийг тус төвийн захи­рал Еүлохио Пиментел, “БиоКубаФарма” нэгдлийн Ерөн­хийлөгч Др. Карлос Гутиеррес нар угтан авч төвийхөө үйл ажиллагааны талаар танилцуулжээ. Хөгжиж буй орнуудад их хэмжээгээр тархаж буй вирус, халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор “Генетикийн инженер, био­технологийн төв”-ийг тухайн үеийн Ерөнхийлөгч Фидэл Кастрогийн санаачилгаар 1982 онд үүсгэн байгуулж байсан түүхтэй юм байна. Элэгний гeпатит B,C вирусын эсрэг Интерферон, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг Хеберфрот тарианаас гадна менингит зэрэг олон төрлийн өвчний эсрэг эм үйлдвэрлэн, дэлхийн 38 оронд экспортлон худалдаалдаг бөгөөд Санкти Спирито, Камагуэе хотуудад салбартай, Гавана дахь төвдөө 13 лаборатор, 350 гаруй үндсэн ажилтантай Био-анагаах ухааны судалгааны хэсэг, Геном ба дархлаа оношлогооны газар, Шинжлэх ухаан техникийн болон судалгааны тэнхимүүдэд хуваагддаг юм байна. Тус тэнхим нь өвчний угийг судлаж, сөрөг молекулуудын химийн бодисын тэсвэрийг биоинформатик ба протеомик аргаар тодорхойлон, шинэ эмийн найрлага боловсруулдаг. Одоогоор уургийн молекул, биоинформатикийн сурдалгаа, ДОХ-ын вирусын эсрэг молекулын судалгаа, дархлаа бууралтын эсрэг судалгаа, хөхний булчирхайн судалгаа зэрэг 10 орчим нэр төрлийн судалгааг явуулдаг аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус төвийн захирал Еүлохио Пиментел болон зарим эрдэмтэдийг Монголд урьж хөдөө аж ахуй, эм, эмнэлэгийн салбарт хамтран ажиллах чиглэлд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.