Зам биш уулзварт түгжрэл үүсдэг

Зам биш уулзварт түгжрэл үүсдэг

Улаанбаатар хотын түгжрэлийг мэргэжлийн хүний нүдээр харахад зам биш, уулзвар түгжирдэг гэнэ. Манай улсад зам барих норм, норматив нь цаг үеэсээ нэгэнт хоцрогдсоныг олонтоо мэдээлсэн. Тэгвэл уулзварын хувьд хуучирсан ч болтугай норм, дүрэм  байдаггүй аж.  Баримтлах баримт бичгийг  нь боловсруулж амжаагүй болохоор уулзварын нэвтрүүлэх чадвар, чадамжийг үнэлэхэд төвөгтэй.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2016 онд АНУ-ын загвараар  боловсруулан гаргасан авто замын стандарт, норм нормативд замын нэвтрүүлэх чадварыг тооцоогүй үлдээсэн алдаа бий. Авто зам дээр нэг цагт зорчих машин болоод бусад зорчигчийн хөдөлгөөн, хаана ямар уулзвар байхыг тооцоолон барьж байгуулаагүйгээс хөдөлгөөн ихэссэн үед ачааллаа дийлэхгүйд хүрч, түгжрэл үүсдэг байна. Энгийн үед сийрэг байдаг замууд онцгой нөхцөлд ачааллаа дийлэхгүй, таг түгжрэх нь бий. Жишээ нь, наадмын үеэрх Хүй долоон худгийн зам. Энэ бол уулзваргүйтэй л холбоотой.

Гэхдээ уулзварыг сайжруулж болно. Уулзварыг боловсронгуй болгох нь хөрөнгө, мөнгө, цаг хугацаа шаардахгүй, хамгийн богино хугацаанд үр өгөөж нь шууд мэдрэгддэг онцлогтой. Бүр шинээр зам барьснаас илүү өгөөжтэй гэдгийг Монголд цөөхөн байдаг хөдөлгөөний  инженер тодотгосон. Уулзваруудад дахин инженерчлэл хийж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх нь нийслэлийн удирдлагын багийнхны түгжрэлийг бууруулахын тулд  богино хугацаанд хийж, хэрэгжүүлэх зорилтод багтсан. Улаанбаатар хот 1135.7 км урт замтай. Зам болгоны уулзварын тоо, төрөл өөр. Автомашин болон явган хүний эрчмийг тооцоолон үзвэл уулзваруудын нэвтрүүлэх чадвар, түгжрэлийн коэффициент  ч ангид ялгаатай.  

Улаанбаатарын хувьд авто замын сүлжээ, уулзвар, орц, гарц нь загвар болохуйц зам хаана байдаг гэж та бодож байна. Би хувьдаа Энхтайваны өргөн чөлөөний замыг төгс зам гэж итгэсэн. Гэвч уг зам мэргэжилтний үнэлгээгээр хамгийн муу зам юм байна. Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх арав гаруй уулзварын нэвтрүүлэх чадвар өөр хоорондоо уялдаагүйгээс бөглөө түгжрээ үүсэж буйг тодотгосон. Тэгвэл зам уулзвар цөөтэй, эсвэл огт уулзваргүй байвал сайн хэрэг үү гэж та асуух байх. Тодруулбал, Нарны зам шиг эхлэл цэгээс төгсгөл хүртэл олон уулзвар дамжихгүй, бүр зүүн гар тийш эргэхгүйгээр шулуун давхиад зорьсон газраа хүрчихдэг зам манай хотод зайлшгүй хэрэгтэй аж. “By pass” буюу тойрон өнгөрөх зам нь хотын нэг захаас нөгөө рүү зорьсон болон хотын төвөөр дамжин өнгөрөх шаардлагагүй хүмүүст зориулагдсан бөгөөд замын түгжрэлийг бууруулахад онцгой нөлөөтэй юм байна. Ийм зам манай хотын  хэвтээ тэнхлэгт, тэр дундаа Яармаг, Долоон буудал, Чингэлтэй, зуслангийн замтай зэрэгцээ байсан бол түгжрэл өнөөгийн түвшнээс хамаагүй бага байх байж.

Нийслэлийн удирдлагын багийнхны бас нэгэн зорилго бол автомашин бага хэрэглэдэг явган зорчигчдодоо ээлтэй хот байх. Уулзварууд энэхүү зорилтыг хангахуйц байх ёстой. Гэтэл манай хотын ихэнх зам явган болон дугуйгаар зорчигчдод ээлгүй гэсэн үнэлгээтэй. Тэдэнд ээлтэй болгох гээд явган зорчигчийн зорчих ногоон гэрлийн хугацааг сунгачихаар автомашины түгжрэл үүсгэж орхидог. Үүний балансыг олж, дүн банг тааруулах нарийн мэргэжил бол трафик инженер буюу хөдөлгөөний инженерүүд. Манай улсад зам барьдаг инженерүүдийг олон тоогоор бэлтгэж, туршлагатай боловсон хүчинтэй болж чадсан. Харин хөдөлгөөний инженерүүд бол асар дутагдалтай. Энэ төрлийн мэргэжилтнийг дотооддоо бэлтгэдэггүйн дээр гадаадад төгссөн гарын хуруунд багтахуйц цөөн мэргэжилтэн нь мэргэжлээрээ ажиллах нь хомс. Чухам тиймээс л уулзвар шоовдор хүүхэд адил хоцорч.

Тиймээс хамгийн түрүүнд авто замын уулзвар бүрийг нарийвчлан судалж үнэлэн, эхний ээлжид 25 уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахаар төлөвлөөд байна. Уулзварыг боловсронгуй болгоно гэхээр уулзварын тоог нэмээд, замуудыг орц, гарцтай болгоод байна гэсэн үг бас биш ажээ. Учир нь Улаанбаатар хотын “артерийн судас” хэмээн нэрлээд буй  гол замуудад уулзвар олшрох тусмаа түгжрэл нэмэгдэх магадлал өндөр гэнэ. Уулзварыг сайжруулахдаа системээр нь харж шийдэхгүй бол ганц уулзварын нэвтрэх чадварыг боловсронгуй болгосноор түгжрэл өргөс авсан мэт арилахгүй гэдгийг мэргэжилтнүүд нуухгүй байна. Энхтайваны өргөн чөлөөний зам дээр л гэхэд Төв шуудангийн уулзварыг янзалсан бол Цэцэг төвийн уулзвар, түүний дараах уулзварыг ч мөн уялдаатайгаар янзлах ёстой юм байна. Гэрлэн дохионы зохицуулалт ч үүнд онцгой нөлөөтэй. Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем нэвтрүүлж, бага өртгөөр үр дүнд хүрэх гарц, гаргалгаа бас байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.