“Тойрогдох уу”, “тойрогдъё”

“Тойрогдох уу”, “тойрогдъё”

А.НОМИНБИЛЭГ

 

Хувцас загвар гэдэг хүн төрөлхтний түүхийн туршид урлаг, гоо зүйн тод илэрхийлэл болж өнгө төрхийг бүрдүүлэх гол хэрэгслийн нэг байсаар ирсэн. Өдгөө бид 20 жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин их хувцас үйлдвэрлэдэг болжээ. Харамсалтай нь үүний 85 хувь нь хог хаягдал болж газрын хөрсөнд хэдэн зуун жил “амьдарсаар” байна. Бидний өмсдөг хувцас бүрийн ард үлдсэн түүх бол утас ээрэхээс эхлээд дэлгүүрийн лангуу, цаашлаад хаягдах хүртлээ түүхий эд, эрчим хүчний зардал, боловсруулалт, тээвэрлэлтээс ялгарах хүлэмжийн хий, усны хэрэглээ, хөрс, ус, агаарын бохирдлыг бий болгодог. Хувцас үйлдвэрлэл бол дэлхий дээрх хог хаягдлыг бий болгож буй хоёрдогч том үйлдвэрлэлийн салбар. Дэлхийн хөгжингүй орнууд хувцасны хаягдлаа тусламж нэрээр хөгжил буурай орнууд руу илгээдэг. Хүмүүс трэнд даган замбараагүй худалдан авалт хийж, үүнийгээ богино хугацаанд хаяж байгаль, ус, хөрсийг бохирдуулдаг. Эдгээр хаягдал нь микро түвшинд бидний амьсгалж буй агаар, идэж уух зүйлст шингэдэг. Тэгвэл энэ удаа эх орондоо анхдагч болон гарч ирсэн хуучин эдлэл, хэрэглэлээ хандивлан борлуулдаг “Тойрог” дэлгүүрийг танилцуулж байна.

“Тойрог” дэлгүүрт зарж буй барааны 80-90 хувь нь монгол хүмүүсээс ирж буй.

“Тойрог” дэлгүүрт зарж буй барааны 80-90 хувь нь монгол хүмүүсээс ирж буй.  Өөрөөр хэлбэл, гадны орноос хувцас хэрэглэл импортлох бус монголчуудаасаа хэрэггүй зүйлсийг нь авч дахин борлуулдаг. Тэд хандиваар авсан хувцсандаа ариутгал хийн, ангилан ялгаж, шинэ соргог зүйлс эрэлхийлэгч, бүтээлч залуустай хамтран загварыг нь шинэчилж гаргадаг. Тэд дэлгүүртээ нэр өгөхдөө “Recycle” буюу дахин боловсруулах, эргэлтэд оруулах гэсэн утгыг гаргаж ирэхийг хүссэн. Ингээд “Тойрог” гэдэг нэрийг олжээ. Хэлэхэд амархнаас гадна “Тойрогчид”, “Тойрогдох уу”, “Тойрогдъё” гэх зэргээр бууж байсан нь таалагдсан гэв.  Үйлчлүүлэгчиддээ авсан зүйлсийг нь гялгар уутанд бус сонингоор боож баглаж өгдөг. Ингэснээр хувцасны хог хаягдлыг бага ч гэсэн багасгаж, эх дэлхийд ээлтэй сонголтод уриалж буй явдал юм. Мөн сар бүр цугласан хувцаснуудаасаа “Ид шидийн орон” гэсэн сайн дурын байгууллагуудад хандивлахаас гадна орлогын тодорхой хувийг тогтмол хандив тусламж, сайн үйлсийн аянд зориулахыг эрмэлздэг гэж байв.

“Тойрог” дэлгүүрийн үүсгэн байгуулагч Номи нь архитектор мэргэжилтэй. Дэлгүүрийнхээ санааг мөн хамтрагчаа их сонин байдлаар олсон гэж байлаа. Дэлгүүрийн хамтран үүсгэн байгуулагч Агнууш, Номи нар одоогоос жил хагасын өмнө Монгол руу тусгай үүргийн нислэгээр буцах замдаа онгоцны буудал дээр санамсаргүй тааралдаж, 21 хоногийн турш хамтдаа хөл хорионд оржээ. Энэ хугацаанд юу хүсэж, мөрөөддөгөө ярилцаж суухдаа хоёул хувцасны хог хаягдлын эсрэг “Трифт шоп” нээх хүсэлтэйгээ мэдэж авсан байна. Санаагаа олоод шууд л төлөвлөгөө гаргаж, логогоо бодож эхэлсэн ба дөрвөн сарын хугацаанд бэлтгэл ажлаа дуусгаж өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нд нээлтээ хийжээ.

2017 онд Улаанбаатар хотын иргэд 1.1 сая тонн хог үйлдвэрлэсэн байдаг. Мэдээж багагүй хэсгийг нь хувцас эзэлж буй. Манай дотоодын зах зээлийг бүхэлд нь базчихсан хямд үнэтэй, загвар нь амархан хоцрогддог гадны хувцас үйлдвэрлэлийн компаниуд ганцхан жилийн дотор 30 гаруй коллекц танилцуулдаг. Мэдээж үүний ард буурай орны иргэдийн хөдөлмөрийн мөлжлөг, дэлхийд учруулах хор хөнөөл гээд их зүйл яригдана. Мөн нэг хүний 7.5 жил уух усыг зарцуулж байж нэг жийнсэн өмд хийх даавуу гаргаж авдаг. “Хуучин хувцас бол ядуу эсвэл боломжгүй хүний сонголт гэдэг ойлголтоо толгойноосоо авч хаях хэрэгтэй. Хямд “fast fashion” бэндүүдээc татгалзаж, алсдаа татан буулгах, стандартыг нь ахиулах гэсэн шаардлага тавих хэрэгтэй” гэж тус дэлгүүрийн үүсгэн байгуулагч Номи дурдав.

Угааж цэвэрлэсэн хувцсыг дахин нягталж шалгаад, жинлэж авдаг. Нэг кг хувцсыг ойролцоогоор 5000 төгрөгөөр авдаг ба улирлын онцлогт тохируулан гурван сард нэг удаа зохион байгуулна.  Хувцасны зарагдах үнэ дунджаар 5000-40 мянгын хооронд байдаг. Мөн “Тойрог” гэр бүлийн дор 30 гаруй залуу дизайнер ажилладаг. Тэдний урласан зүүлт, бөгж, бугуйвч, ээмэг, цүнх энэ дэлгүүрт зарагддаг байна. Үйлчилгээнээсээ хамаараад худалдан авагчдын нас ялгаатай. Хувцас зарж, хандивлаж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь 25-аас дээш насныхан байдаг аж. Харин өсвөр насныхан ихэнхдээ худалдан авалт хийдэг гэнэ. Нэг удаа худалдан авалт хийсэн хүн цаашдаа байнгын үйлчлүүлэгч болох магадлал өндөр байдаг гэж байлаа. Монголдоо шинэ зах зээл учир үйлчлүүлэгчиддээ тухай бүрт нь тайлбарлаж өгдөг гэв. Мөн ирээдүйд орлогынхоо тодорхой хувийг хандивын байгууллагаас гадна нийгэмд тулгамдаад буй асуудлуудад зориулах хүсэлтэй. Mонголд энэ төрлийн бизнес үйлчилгээний моделийг боловсруулж, дараа дараагийн “Трифт шоп”-ууд хурдацтай нээгдэх сэдэл өгөхүйц системийг бий болгох хүсэлтэй байгаа. Манай үндэстний сэтгэлгээний онцлог, хэрэглээний соёл тусдаа зүйл. Шууд гадны моделийг хуулбарлалгүй, монгол сэтгэхүйд тааруулах хэрэгтэй. “Трифт шоп”-ууд кофе шоп шиг их болж, хүмүүс гэрээсээ холгүй, төвөггүйхэн хувцсаа авч очоод тушаачихдаг байвал их зүгээр. Мөн цэвэрхэн, найдвартай байх, ийм төрлийн соёл нутагшуулах нь бидний харж буй ирээдүй хэмээн үүсгэн байгуулагчид маань ярьж байлаа.

Дэлхий дээр хог хаягдал болж буй хувцасны зөвхөн нэг хувийг дахин боловсруулж байна. Үлдсэн 99 хувь буюу 100 тэрбум ам.доллараар үнэлэгдэх материал газрын хөрсөнд шууд хаягдаж байна. Хувцасны том брэндийн нэг жилийн усны хэрэглээ гэхэд 2000 орчим жижиг нуурын усны нийт эзлэхүүнтэй тэнцдэг. Товчхондоо дэлхий нийт цэвэр усыг хамгийн их бохирдуулж буй салбаруудын эхний гуравт хувцас үйлдвэрлэл багтаж байна. Тэгвэл хуучин хувцсыг дахин борлуулдаг дэлхийн алдартай “Трифт шоп”-уудыг танилцуулъя. Нью-Иорк хотод байрлах “Amarcord Vintage Fashion” дэлгүүр нь 2000 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Тансаг зэрэглэлийн брэндүүд болох “Chanel”, “Moschino”, “Versace”-ийн хувцас, гутал, цүнх, гоёл чимэглэлийг дахин борлуулдаг. Онцлог нь 1970-1980 оны хэв маягийг шингээсэн. Тансаг зэрэглэлийн брэндүүдийг заавал үндсэн үнээр нь бус цэвэрхэн хэрэглэсэн хуучныг нь илүү хямд үнээр авах боломжтой. Английн Лондон хотод байрлах “Retromania” дэлгүүр нь зөвхөн өөрийн улс гэлтгүй бусад орны иргэдэд туслах зорилготой. Нийгмээс тусгаарлагдсан, амьдралын боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хуучин хувцас хандив болгон явуулдаг ашгийн бус байгууллага гэнэ. Энэ мэтчилэн тив даяар өргөн дэлгэрсэн соёл бөгөөд эх дэлхийгээ хайрлах тухай дуу хоолойгоо өргөж, хүмүүсийг уриалж, тэдэнд тусалж, заншил болтлоо хөгжжээ. Трэнд дагаж шинэ хувцас худалдаж авахын оронд нэг хувцсаа удаан өмсөх, хоорондоо солилцох аяныг өрнүүлснээр байгаль орчиндоо бага ч болов хувь нэмэр оруулах нь зүйтэй. Дэлхий ертөнцийг танихын хэрээр амьдрал энгийн тусмаа илүү аз жаргалтайг ухаардаг аж. Тиймдээ ч амьдарч буй хором, мөч бүрээ илүү үр бүтээлтэй өнгөрөөж, бусдад илүү их хайр түгээж,  эх дэлхийнхээ эд эс бүрийг хайрлах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.20 БААСАН № 163 (6640)

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.