МАН-ын бүлэг 50:26 тогтолцоог дэмжихгүй, можаритор тогтолцоог сонголоо

МАН-ын бүлэг 50:26 тогтолцоог дэмжихгүй, можаритор тогтолцоог сонголоо

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ арванхоёрдугаар сарын 6-нд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж УИХ-д суудалтай бүх намын төлөөллийг оролцуулж 2, 3 дугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулсан. Өнөөдөр бүлэг Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, тогтолцооны эцсийн шийдвэрийг гаргалаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүд Сонгуулийн тухай хуулийг 50:26 гэсэн хувилбарыг өргөн барьсан. 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүн улс нэг тойргоос сонгогдох хувилбар юм. Хуулийн төслийг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг хэлэлцээд дээрх хуулийн төслийг хоёр талаар учир дутагдалтай байна гэж үзсэн.


Нэгдүгээрт, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Хоёрдугаарт, иргэд сонгогчдын зүгээс нөгөө л намын ард нуугддаг систем байна гэсэн шүүмжлэл гарч ирсэн. Иймээс бүлэг 50:26 тогтолцоог дэмжихгүй байх шийдвэр гаргалаа. Томсгосон тогтолцоо нь 1992, 2008, 2012 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгож, хуульдаа тусгахыг бүлгийн гишүүд 100 хувь дэмжлээ. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, лхагва гарагийн 15.00 цагаас Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, энэ долоо хоногт багтааж сонгуулийн хуулийг эцэслэж батлах чиглэлтэй байна” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.