С.Баярцогт: Бид “Оюутолгой”-гоос хувь эзэмшихгүйгээр өгөөжөө 53 хувиас буулгахгүй байх боломжтой

С.Баярцогт: Бид “Оюутолгой”-гоос хувь эзэмшихгүйгээр өгөөжөө 53 хувиас буулгахгүй байх боломжтой

Сангийн сайд асан С.Баярцогт “Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” нэртэй товхимол гаргасан талаараа мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газар 2009 оны аравдугаар сарын 06-ны өдөр Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хөрөнгө оруулагчид төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм.  Монголдоо төдийгүй дэлхийд зэсийн томоохон ордод тооцогдох Оюутолгой төслийг эхлүүлсний 10 жилийн ой өнгөрсөн аравдугаар сард болсон.

Сангийн сайд асан С.Баярцогт хэлэхдээ “Оюутолгой гэрээг байгуулж, төсөл эхэлсний 10 жилийн ойг төр засгийн зүгээс ч, Оюутолгой компани ч тоосонгүй. Үнэндээ Оюутолгой гэрээ бол Монголын эдийн засагт, Монголчуудын хувьд түүхэнд тэмдэглэх том үйл явдал болсон. Тухайн үеийн Засгийн газар, УИХ-д баяр хүргэх ёстой гэдгийг бид дахин хэлмээр байна. Бид цаг хугацааны алтан боломжийг ашиглаж энэхүү том төслийн хөрөнгө оруулалтын гэрээр байгуулсан. Хамтарсан ажлын хэсэг ажиллаж 2009 оны гуравдугаар сарын 31-нд хоёр тал албан ёсоор тохиролцож байсан. Үүнээс хойш Засгийн газар, УИХ-аар хэлэлцсэний дараа Оюутолгой гэрээнд гарын үсэг зурсан байдаг.

Миний хувьд Оюутолгой Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ойтой давхцан 500 гаруй хуудастай товхимол гаргаснаа өнөөдөр мэдээлж байна" гэлээ.

Энэхүү товхимол нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг англи, монгол хувилбараар бүрэн эхээр нь оруулжээ. Оюутолгой гэрээ нууц байдаг гэсэн буруу ойлголттой зарим улстөрч болон судлаачид, эрдэмтэд, иргэдэд зориулан нээлттэй байсан гэрээг энэхүү товхимолд оруулсан гэдгийг дурдав. Мөн 2009 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын хууль зэрэг зургаан том хууль, УИХ-аас гаргасан бүх тогтоол, санал хураалтын дүн, нэгдсэн чуулганы дэлгэрэнгүй тэмдэглэлийг оруулсан байна. Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эхэлснээс батлах хүртэлх бүх процессын тэмдэглэлийг энэхүү товхимолд багтаасан байна. Энэхүү товхимлыг нийтийн томоохон номын сан, хэвлэл мэдээллийн байгууллагын редакцад албан ёсоор хүргүүлнэ гэдгээ Сангийн сайд С.Баярцогт хэлсэн.

 Сангийн сайд асан С.Баярцогт энэхүү товхимлыг гаргах болсон таван үндэслэлээ ингэж тайлбарласан юм.

1. 2017 онд С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэж хорьсон. Ингэхдээ Оюутолгойн гэрээг байгуулахдаа Монголд ашигтай заалтыг хасч,  434 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн.

2. Татварын таван байцаагч хуульч зөрчиж гэрээ хийсэн мэтээр дүгнэлт гаргасан. Оюутолгойн гэрээний талаар зарим хууль хүчний байгууллагын албан хаагчид мэдлэггүй, ойлголтгүй юм байна гэсэн ойлголт төрсөн.

3. Дараа нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ямарч үндэслэлгүй дүгнэлт гаргасан татварын байцаагч нарын дүгнэлтийг УИХ-ын чуулган дээр ярьж, ард түмэнд буруу ташаа мэдээлэл түгээсэн. Эндээс зарим төрийн түшээд хүртэл Оюутолгойн гэрээний талаар мэдээлэлгүй, ойлголт муутай байгааг харсан.

4. Зөв мэдээлэл өгөхгүй бол эргээд татварын байцаагч нарын алдаатай дүгнэлтийг үндэслээд буруу шийдвэр гаргавал монголчууд хохирно. Цаашлаад хөрөнгө оруулагчид тэр алдаатай шийдвэрийг үндэслэн татвараа дутуу төлөх эрсдэл ч бий.

5. Зарим улс төрийн нам, улстөрчид Оюутолгой гэрээ нууц байсан гэж 10 жил худлаа ярьж байгаа. Гэрээгээ уншаагүй, мэдэхгүй байж бүх бурууг гэрээ байгуулсан хүмүүс руу чихэж болохгүй.

Энэ бүх буруу ташаа мэдээллийг няцааж, цаг ямагт соён гэгээрүүлэх ажил хийх ёстой юм байна гэж үзээд Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бүх баримт бичгүүдийг багтаасан товхимол гаргасан гэж тайлбарлав. Энэхүү товхимолд Оюутолгойн гэрээг ҮАБЗ-өөр хэлэлцсэн тэмдэглэлээс бусад бүх гэрээ, хуулиуд багтсан юм байна.

Түүнчлэн Сангийн сайд С.Баярцогт  “Оюутолгойн гэрээ бол С.Баяр, С.Баярцогт нарын гэрээ биш, энэ бол Монгол Улсын Засгийн газрын гэрээ юм. Оюутолгойн гэрээг амжилттай хэрэгжүүлэх нь  үе, үеийн Засгийн газрын ажил. Гэрээ байгуулах, гэрээг хэрэгжүүлэх  нь өөр, өөр асуудал. Дахин хэлэхэд, миний бие Оюутолгой гэрээг байгуулахын төлөө авлига хээл хахуул авч байгаагүй. Цаг хугацааны шалгуур бүгдийг харуулна. 

Оюутолгойн гэрээг байгуулах багийн дэд ахлагч, Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан гурван гишүүний нэгнийх хувьд гэрээтэй холбоотой асуудлаар цогц мэдээллийг өгөх нь зүйтэй гэдэг үүднээс энэхүү товхимлыг гаргасан" гэв.

Мөн тэрээр товхимлынхоо өмнөх үгийн төгсгөлд цаашдын Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотой үүссэн асуудлыг шийдвэрлэх гарц, саналаа бичсэн байна. Үүнд, 

-“Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотой үүссэн өнөөгийн нөхцөл байдлаас Монголын төслийн хүртэх өгөөжийг 53 хувиас буулгахгүйгээр төслийн үргэлжлэх хугацаанд нэг мөр зохицуулах боломж гарцыг одоогийн УИХ, Засгийн газар эрэлхийлж байгаа.

2009 онд уг ХөОГ-г хийж байх үед урт хугацаанд нэг мөр зохицуулах хуурь эрхзүйн болон улс төрийн орчин, нөхцөл нь бүрдээгүй байсан.

2010 онд Сангийн сайд, 2015 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа миний бие Ашигт малтмалын тухай хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг санаачлан УИХ-аар батлуулж, хувь эзэмшилгүйгээр АМНАТ /Роялти/-ыг нэмэгдүүлэх зарчмаар шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Монголын тал “Оюу толгой” ХХК-ийн тодорхой хувийг заавал эзэмших ёстой гэсэн тогтсон сэтгэлгээг даван туулж уг төслөөс хүртэх Монголын талын бодит өгөөжийг чухалчилбал дээрх зохицуулалтын дагуу татвар болон АМНАТ-аар өөрийн өгөөжийг 53 хувиас буулгахгүйгээр үл барам нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагч талтай ХөОГ-ний дагуу хэлэлцээр хийсний үр дүнд төслийн үргэлжлэх хугацаанд нэр мөр тогтвортой шийдэх боломжтой” гэжээ.

Эх сурвалж: Itoim.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.