С.Амарсайхан: Сайжруулсан түлшийг гадаадын шижилгээний лабораторид шинжлүүлнэ

С.Амарсайхан: Сайжруулсан түлшийг гадаадын шижилгээний лабораторид шинжлүүлнэ

Гаалийн төв лаборатори, Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын харьяа лабораторид сайжруулсан түлшний 23 дээжийг шинжлүүлэхэд стандартын шаардлага хангасан гэх дүгнэлт гарсан. Цаашид ямар ажил зохион байгуулах тухай Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас тодрууллаа.

-НМХГ-аас сайжруулсан түлшинд ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг мэдэгдлээ. Гэтэл хүний амь нас хохирсон, угаартсан хүний тоо нэмэгдсээр байна?

-Бид ийм үйл явдал болсонд харамсч байна. Үүнээс болж амь насаа алдсан хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Бид дахиж хүний амь нас болон эрүүл мэндийг хохирохгүй байх үүднээс анхаарч ажиллах болно. Бидний авсан мэдээллээр 23 дээж авч стандартын дагуу шинжилгээ хийсний үндсэн дээр сайжруулсан түлш шаардлага хангасан байгааг тогтоосон. Энэ бол Монголдоо шинжилж болох сайн гэсэн лабораториудад хийгдсэн дүгнэлт юм. Тиймээс бид цаашид гадаадын шинжилгээний байгууллагад хандаж лавшруулан шинжлүүлэх болно. Мөн үйлдвэрлэлийн явцад хатуу анхаарал хандуулж ажиллана. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний томоохон үйл ажиллагаа учраас төрийн бүх байгууллагууд ажиллаж, алдааг залруулах, зөвлөмж өгөх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг эрмэлзэж байгаа. Үүний дээр иргэдийг хохироосон сайжруулсан түлш нь өөр үйлдвэрүүдийн буюу хууль бусаар үйлдвэрлэгдсэн түлш байж болзошгүй учраас тэдгээрийг шинжилж устгах шаардлага хүргүүлсэн.  

-Түлш борлуулж эхэлсэн цагаас хэрхэн зөв галлах зөвлөмж, зааврыг иргэдэд өгөх ёстой байсан юм биш үү?

-Зөвлөмж зөвлөгөөг өгч байгаа. Энд мэдээлэл хүрэхгүй байгаа иргэд ч байна. Өнгөрсөн 10 дугаар сарын нэгний өдөр бүх холбогдох байгууллагуудад онцгой байдал зарлаж ажиллуулахаар шийдвэрлэсэн.  Айл өрхүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар баг гарган ажиллаж байна. 

-Гадаадын шинжилгээний дүгнэлтийг хүлээж сайжруулсан түлшийг борлуулах нь зөв эсэхийг шийдвэрлэх ёстой юу?

-Үйлдвэрлэл зогсох уу, үгүй юу гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэх мэт  байгууллагатай ярилцаж зөвлөлдөх шаардлагатай. Би дур мэдэн шинжилгээний байгууллагын дүгнэлтийг зөв буруу гэж тогтоох эрхгүй.

-Сайжруулсан түлшинд хорт бодис байхгүй гэж тогтоожээ. Тэгвэл иргэд яагаад хордов?

-Мэргэжлийн байгууллагууд, цагдаагийн газраас өгсөн мэдээллээс тухайн хордсон иргэд, айл өрхүүд галлагааны явцад зуухны хавхлагаа хаасан, зуухандаа нүүрсээ дүүртэл нь хийсэн гэх мэт дүгнэлтийг надад өгсөн. Гэхдээ цаашид нарийвчлан шалгах шаардлагатай байгаа.   

-Нүүрстөрөгчийн давхар ислийг шалгадаг дохиололгүйгээр шахмал түлшийг хэрэглэж болохгүй гэдэг  энэ талаар анхнаасаа судалж үзсэн болов уу?

-Шахмал түлш, түүхий нүүрс аль алийг нь хэрэглэж байгаа албан байгууллагуудад урьдчилан сэргийлэх үүднээс галын дохиолол хэрэглэдэг. Тиймээс айл өрхүүдэд урьдчилан сэргийлэх үүднээс энэ асуудалд анхаарч нухацтай хандах болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.