Ж.Баярсайхан: Бидний олж илрүүлсэн эд өлгийн зүйлс бүгд тонуулчдын гарт сүйтгэгдсэн байсан

Ж.Баярсайхан: Бидний олж илрүүлсэн эд өлгийн зүйлс бүгд тонуулчдын гарт сүйтгэгдсэн байсан

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” уулнаас 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан  гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдсон тухай бид мэдээлсэн. Энэ талаар өнөөдөр судалгааны багийнхан мэдээлэл хийлээ. Мэдээллийг Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан танилцуулсан юм. Түүний яриаг дор сийрүүлье.

Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт юм

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээсэн. Уг судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийлээ.  Эдгээр тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрчээ. Эдгээрийн дотор 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан  гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворууд юм. Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулаад байна.  Ялангуяа, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс  хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх  мэт хэдэн зуун олдворууд байгаа юм. Тус судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажиллалаа.

100 гаруй булш тоногдсон байсан

Өнөөдөр би баяртай мэдээ дуулгахын сацуу бас маш гунигтай мэдээг дуулгах гэж байна. Бидний олж илрүүлсэн энэхүү эд өлгийн зүйлс бүгд тонуулчдын гарт  сүйтгэгдсэн дурсгалуудаас илрүүлсэн шүү гэдгийг эхлээд хэлье. Соёлын өвийн сүйтгэл гэдэг асуудал Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил маш эрчимтэй явагдаж, бүс нутгийн хүрээнд аюул учруулж байна. Жишээлбэл, Дархадын хотгорын бүс нутагт сүүлийн хэдэн жил хийж буй судалгааны үр дүнгээс харахад бүтэн үлдсэн булш, хэрэгслүүд маш ховор болсон. Хүрлийн үеэс эхлээд дундад зууны үеийн булш хүртлээ тоногдсон байна. Ямар хүмүүс хийгээд, эд зүйлсийг нь аваад дамжуулаад байдгийг бид мэдэхгүй. Судлаач хүнийхээ үүднээс бол орон нутгийн Засаг дарга, цагдаа, хүчнийхэн энэ асуудалд анхаардаг байх гэж найддаг. Одоо энэхүү дурсгалыг олж ирүүлсэн түүхээсээ хуваалцъя. 2016 онд бид Мунгараг багийн нутагт археологийн судалгаа хийхийн хажуугаар хүмүүстэй угсаатны зүйн ярилцлага хийж, мэдээлэл авсан. Энэ үеэр Хориг уулын аманд хаварждаг өндөр настан н.Баттөр эгч бидэнд тус газар булш бунхан тоноод сүйтгэсэн гэдэг мэдээллийг өгсөн. Тэгээд бид заалгаад тэр уулан дээр очиход 100 гаруй булшийг толгой дарааллан тоносон байсан. Хүний яс, дөрөө, амгай, хазаар нь энд тэндгүй хог шиг хэвтэж байсан. Тэр жилдээ бид судалгаа хийж чадаагүй. Яагаад гэвэл археологийн судалгааг зөвшөөрлийн дагуу хийдэг юм. Харин дараа жил нь зөвшөөрлөө аваад очиж судалгаагаа хийсэн. Сүүлийн хоёр жил 70 орчим булшинд судалгаа хийлээ. Тонуулчдын ухсан нүхийг нэг бүрчлэн судалж, эдгээр эд өлгийн зүйлсээ илрүүлсэн. Нийт олворуудаа тоолбол хэдэн мянгаар хэмжигдэнэ. Торгоны тасархай гэхэд тоолохын аргагүй их байсан. Үүнээс гарсан эд зүйлсийн дотор өрөм, шар тос хамгийн чухал олдвор боллоо.  Үүнийг тонуулчид метал хайгчаар илрүүлж чадаагүй байсан. Бид 10 гаруй ваар илрүүлсэн. Ихэнх нь буюу гүехэн байсан ваарнуудын доторх органик зүйлс нь шороо болоод, өрөм, шар тос нь хадгалагдаж үлдээгүй байсан. Харин хамгийн гүнд мөстлөг дотор байсан дөрвөн ваарны гурав нь өрмөөр, нэг нь шар тосоор дүүрэн байсан. Малтлага хийхдээ хэмжээд үзэхэд тэдгээр ваар байсан гүнд хасах градус зааж байсан. Малтахаар мөс дуугарч байсан. Энэ олдворууд нь алт, мөнгөн олдвороос илүү ач холбогдолтой түүхийн эд өлгийн зүйлс юм. Хэрвээ бид ганц, хоёр жил алдсан л бол энэ мөнх цэвдэг хайлаад шар тос өрөм нь муудаад, өгөрших эрсдэлтэй байсан. Бид 40 хоног ажиллахдаа ганц ч хоног амраагүй. Өглөө нь уул руугаа гараад орой  нь олдворуудаа тэвэрч буудаг. Тэгээд шөнө дунд хүртэл олдворуудаа сэргээн засварлах, цэвэрлэх ажлуудаа хийдэг байсан. Бид бүх л хүчээрээ тэнд байсан булшуудыг шигших, авран хамгаалах ажлыг хийлээ. Гэхдээ энэ зөвхөн 100 булш байгаа юм биш. Хориг уул гэдэг бол нэрнээсээ л тодорхой байгаа байх, “Их хаадыг “Хориг” гэдэг газар оршуулсан” гэж дундад зууны сурвалжуудад дурдсан байгаа. Их Хориг бол Бурхан халдун, Хэнтийн уулсаар байдаг гэж дурдагддаг. Гэхдээ энэ дурсгалт газрын нэр нь бас Хориг гэдэг нэртэй. Хориг бол яах аргагүй язгууртнуудыг оршуулдаг газар. Тодорхой хэмжээний харуул манаатай, хүн ойртуулдаггүй байсан газар гэж сурвалжуудад заадаг. Тэгэхээр энэ бол их хаадын байг гэхэд 13, 14 дүгээр зууны монголчуудын язгууртуудын бүлэг оршуулгын газар байж байгаад харамсалтайгаар тоногдож, зүйтгэгдээд ихэнх эд өлгийн зүйл нь хулгайн замаар оржээ. Гэхдээ азаар бид үлдсэн ховор эд өлгийн зүйлсээ авран хамгаалж чадлаа.

Хүннү болоод монголчуудын зан үйлийн холбоосыг харууллаа

Монгол булшны зан үйлийн хэдэн чухал элемент бүх булшин дээр байгаа. Сурвалжийн мэдээнд дурдсанаар “Монголчууд бүдүүн модыг ухаад ухмал модон авс хийгээд төмөрлөг бүлхүүрээр гурав дахин бэхлээд оршуулдаг” гэдэг. Энэ газраас яг тийм ухмал модон авс гарсан. Бүгд хэмхэрсэн байсан. Бүтцийг нь ярьвал, ухмал модон авсан дотор хүнээ хийгээд торгоор битүү доторлоод, дээл хувцасыг нь дотор нь хийгээд, ширээр бүрсэн байсан. Төмөр бүслүүрээ шир, мод хоёрынхоо дотуур бүсэлсэн. Ихэнх нь хойд зүг рүү толгойг нь харуулжээ.  Толгой талд нь эдгээр ваарнуудыг хөмөг дотор чулуугаар хаагаад тавьсан байсан. Нэг ваар нь харин баруун талд нь байсан. Тэр Юанийн үеийн хийцтэй, хээтэй ваар байсан. Шагайт чөмөг булш болгоноос гарсан. Гэхдээ монгол булшинд шагай чөмгийн толгойг доош нь харуулдаг бол эдгээр булшинд шагай чөмгийг шийртэй нь хамт амьдын байрлалаар нь тавьсан байсан. Зөвхөн хойд хөлийнх нь шагай чөмгийг шийртэй нь залгаатайгаар баруун юм уу, зүүн хананд босгож тавьсан ул мөр илэрсэн.  Хүннү болоод монголчуудын зан үйлийн маш тодорхой холбоосыг гэрчлэх нэгэн чухал олдвор бол алтан нар, сарны дүрс юм. Хоёр, гурван булшнаас алтан нар, мөнгөн сар, алтан сарны дүрс гарсан. Энэ олдвор нь Хүннү булшнаас түээмэл олддог. Монгол булшнаас хараахан илрээгүй байсан юм. Торгоны тасархайнууд бол яах аргагүй язгууртнуудын хэрэглээ юм. Дан алтан утсаар хээ угалз тавьсан байсан.

Дархадын хотгороор үндэстний хэмжээний судалгаа хийе

100 орчим дурсгалыг авран хамгаалсны дараа судалгаа гэж нүсэр ажил биднийг хүлээж байна. Энэ ажлыг олон улсын эрдэмтдийн багтай хамтарч гүйцэтгэхээр ярилцаад эхний шатандаа явж байна. Жишээлбэл, Германы судалгааны хүрээлэн дээр он цагийг нь тогтооно. Энэ бол маш их мөнгө хандивлаж байна гэсэн үг. Бүх хүмүүсийн ДНК судалгааг тэнд хийнэ гэсэн үг. Торгоны судлагааг олон улсын судлаачидтай хамтарна. Мөн бусад метал эдлэлийн ажлыг шат дараатай хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн, нэг зүйлийг тодотгон хэлэхэд, Дархадын хотгорын бүс нутаг их чухал бүс нутаг юм байна. Яагаад гэвэл мөнх цэвдэг, сэрүүн уур амьсгалтай энэ газар хэдэн мянган жилийг элээсэн түүхийн дурсгалуудын хадгалалт маш сайн байна. Хориг уулан дээр гэхэд 100 булш байна. Наана нь Номт, Зүүн шүүрэгтэй уул, Онгон уул, Тархаш, Цагаан уул байгаа. Эдгээр уулан дээр байгаа булшнууд мөн тоногдсон байна. Бид зөвхөн нэг хэсгийг нь авран хамгааллаа. Ингэхээр тус газар үндэстний хэмжээний томоохон хайгуул судалгаа хийх хэрэгтэй байна. Цаашид Дархадын хотгорын бүс нутгийг бүхэлд нь тусгай хамгаалалттай газар нутагт авч, түүх соёл аялал жуулчлалын бүс нутаг болгож, төрөөс анхаараасай.

Бидэнд лаборатори хэрэгтэй байна

Бидэнд лаборатори хэрэгтэй байна. Монгол Улс өнөөдөр энэ чиглэлээр дэлхийгээс  хоцорсон. Лаборатори байхгүй. Жишээлбэл, бид энэ өрмийг анх олоод, яаж Улаанбаатарт хүргэх вэ гээд бөөн айдас болсон. Яаж авч ирэх тухайгаа хэлэлцэж, хэлэлцэж эцэст нь мөс тойруулж тавиад машиндаа ачаад л ирсэн. Мөсийг нь хайлахаар нь дахиад мөс тавих гэх мэтээр аргалж авч ирсэн. Ирээд хадгалах тухайд, азаар манай музей ЖАЙКА-ийн төслөөр хадгалах дөрвөн хөргөгч авсан байсан. Түүндээ дөрвөн ваараа хийгээд хадгалж байна. Олон улсын сэргээн засварлагчдын зөвлөсөнөөр хасах 18 градуст хадгалж байна. Цаашид энэ олдвороо олон нийтэд үзүүлэхэд тодорхой хөргүүртэй хорго бидэнд хэрэгтэй байна. Ганц гайгүй микроскоф ч байхгүй ажиллаж байна шүү дээ.Олон улсын багтай ажиллаж байгаа болохоор дутуугаа нөхөөд, дундуураа дүүргэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.