З.Энхболд “Торгоны зам” раллигийн нээлтийн ёслолд оролцлоо

З.Энхболд “Торгоны зам” раллигийн нээлтийн ёслолд оролцлоо

Улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогдох “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах юм.

Тэмцээний албан ёсны нээлт өнөөдөр ОХУ-ын Эрхүү хотод болж, нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Торгоны зам” авто раллигийн улсын ажлын хэсгийн дарга З.Энхболд оролцлоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД НЭЭЛТИЙН ҮЕЭР:

“Хүндэт Эрхүүчүүд ээ,

Хүндэт зохион байгуулагчид, найз нөхөд, тамирчид аа.

Та бүхэнд “Торгоны зам” 2019 уралдааны нээлтийн ёслолд оролцож буйд баяр хүргэж, талархал илэрхийлье.

“Торгоны зам 2019” уралдааны зохион байгуулалтад Монгол Улс энэ жил анх удаа оролцож байгаа. Мөн цаашид ч оролцох байх гэж найдаж байна. Мөн жил бүр болдог энэхүү уралдаан Монголын нутгаар дамжин өнгөрдөг байгаасай гэж бид чин сэтгэлээсээ хүсэж байна.

Өнөөдөр энд раллигийн алдартай багуудын төлөөллүүд, нэртэй тамирчид хуран цуглажээ. Манай улс та бүхний өмнө өргөн уудам газар нутгаа дэлгэн угтаж байна. Монголын тал хээр, цөл говиор гаргасан уралдааны замыг оролцогчид, тамирчид зохих ёсоор үнэлнэ гэдэгт бид мөн найдаж байна.

Монгол дахь “Торгоны зам” раллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор зохион байгуулж байгаа юм. Үүгээр энэхүү уралдаанд Монгол Улс ямар ач холбогдол өгч байгаа нь харагдаж байгаа гэж би бодож байна.

Бидний хувьд энэ тэмцээн томоохон раллигийн туршлага болж буйгаас гадна Монголын авто болон мото спортын түүхэнд манай тамирчид анх удаагаа өргөнөөр оролцож байгаа тохиолдол юм. Монголын оролцогчдын тоо цаашид ч өсөн нэмэгдэнэ гэдэгт найдаж байна.

Бидний хувьд “Торгоны зам” нь авто болон мото спорт, авто машин аялал жуулчлалыг Монголд улам хөгжүүлэх боломж юм.

Раллигийн удирдлагад бидэнд дэмжлэг үзүүлсэн явдалд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Би раллийг нээлттэй холбогдуулан бүгдэд нь баяр хүргээд, оролцогчдод ялалтад хүрэхийг, үзэгчдэд сэтгэл хөдлөлөөр дүүрэн уралдаан үзэхийг, зохион байгуулагчдад чин сэтгэлийн амжилт хүсэн ерөөе” гэлээ.

Тамирчид өнөөдөр Эрхүү хотоос гараанаас гарч, энэ сарын 9-ний өдөр Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсын нутагт орж ирэх юм. Улмаар Сэлэнгэ, Дархан, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад маршрутаар уралдаж энэ сарын 13-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлнэ.

Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм байна. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч Монголын хилээр нэвтэрч тэмцээнийг зохион байгуулж, оролцож, сурвалжлахаар мэдүүлсэн байна.

Монгол Улсын нутагт дэвсгэрээр уралдах үеэр авто спорт сонирхогч иргэд тэмцээнийг үнэ төлбөргүй үзэж болох бөгөөд Цагдаагийн Ерөнхий газраас дараах байршлуудад тэмцээнийг үзэж сонирхох боломжтой хэмээн үзэгчдийн хэсгийг бэлтгэсэн байна.

“ТОРГОНЫ ЗАМ” РАЛЛИГ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ 12 ЦЭГ:
  1. Сэлэнгэ аймаг Сайхан сумын 3 дугаар баг Цахир /1 дүгээр гараа/
  2. Сэлэнгэ аймаг Сайхан сумын /Хөтөл тосгон/ –
  3. Сэлэнгэ аймаг Орхон туул /Төмөр замын 42 дугаар зөрлөг/
  4. Төв аймаг Жаргалант сумын төв
  5. Төв аймаг Баянцогт сум
  6. Төв аймаг Баянцогт сум /жирмийн цагаан нуур 1 дүгээр бариа/
  7. Төв аймаг Алтанбулаг сумын  /Хөшигтийн хөндий 2 дугаар гараа, бариа/
  8. Төв аймаг Бүрэн сумын  төв
  9. Төв аймаг Сэргэлэн сум /Ээж хад/
  10. Дундговь аймаг  /Даланзагад хотын төв/
  11. Дундговь аймаг Цагаан дэлгэр сумын  төв
  12. Өмнөговь аймаг Цогтцэций сум, Мандалговь аймгийн төв

Мөн Цагдаагийн ерөнхий газраас уралдаан явагдаж буй замын орчимд аль болох хөдөлгөөн үйлдэхгүй байх, замын ойролцоо малаа хариулгагүй орхих, гэр, майхан барихгүй байх, уралдааны аюулгүй байдлыг хангаж буй алба хаагчдын шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байгаа юм.

®Гэрэл зургийг Pixel студио эзэмшиж байгаа тул хуулбарлан ашиглахдаа эзэмшигчийн нэрийг дурдана уу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.