Ч.Хүрэлбаатар: Банкуудын шалгалт дууссаны дараа ОУВС-гийн санхүүжилт орно

Ч.Хүрэлбаатар: Банкуудын шалгалт дууссаны дараа ОУВС-гийн санхүүжилт орно

ОУВС-гийн зургаадахь шатны санхүүжилт өнгөрсөн онд орох ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Энэ асуудалтай холбоотойгоор ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн сард манай улсад ажилласан юм. Санхүүжилт оруулахын тулд ОУВС Засгийн газарт нэгдүгээрт, 2018 оны тавдугаар сард Төв банкнаас хүргүүлсэн өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагыг арилжааны банкууд бүрэн биелүүлсэн байх. Хоёрдугаарт, Монголбанк хөндлөнгийн судалгааны байгууллагаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн арилжааны банкуудад шалгалт хийх гэсэн хоёр шаардлага тавиад буй. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн талаарх шалгалтыг Төв банк хийж байгаа. Шалгалтын дараа зургаадах шатны санхүүжилт орно” гэсэн юм.

Холбон мэдээлэхэд, ОУВС-гийн Монголд ажилласан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб “Төв банкны шалтгалтын дагуу банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байвал Захирлуудын зөвлөлд асуудлыг оруулаад санхүүжилтийг олгоно. Энэ үйл явц маань хүлээгдэж байгаа учраас нэлээн олон үнэлгээ хойшлогдсон. Тиймээс хоёр үнэлгээг хамтатгаад хийж болно. Товчхондоо, ОУВС-гаас орох бүх санхүүжилтийг олгоно. Гэхдээ хөтөлбөрийн анх тохирсон хэмжээг гүйцээж, хугацаандаа бүх санхүүжилтийг олгож чадахгүй болов уу гэж бодож байгаа. 2020 оны тавдугаар сар гэхэд олгогдох ёстой санхүүжилт бүрэн олгож дуусаагүй байвал Монгол Улсад хоёр сонголт үлдэнэ. Нэг нь хугацааг уртасгах. Эсвэл дахин шинээр хөтөлбөр тохирох. Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээгүй, эрсдэлтэй байвал хөтөлбөр дуусахгүй. Банкуудад хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгнө. Арилжааны банкууд эрсдэлтэй байх нь ОУВС-гийн хөтөлбөр дуусна гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.