Удтал дуншсан Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Удтал дуншсан Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. 

Ерөнхийлөгч "Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан багц хуулийн төслийн онцлогийг харгалзан, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна" гэх тайлбар хийсэн.

Харин Татварын багц хуулинд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсанд Сангийн яам байр сууриа мөн илэрхийлсэн. Тус яамны зүгээр "Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр татварын багц хуульд хориг тавихдаа Улсын Их Хурлаас огт батлаагүй Хүн амын орлогын албан татварын тухай гэх хуульд хориг тавьжээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан" гэсэн.

Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсан байх тул хоригийн төгсгөл хэсэгт байгаа Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн гэснийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн гэж, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна гэснийг Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна гэж тус тус залруулж байгааг Улсын Их Хурлын гишүүдэд уламжилж өгөхийг хүсье" гэжээ. 

Харин МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гаригт хуралдахдаа Ерөнхийлөгчийн уг хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн. Юутай ч удтал сунжирч, дуншиж байгаа Татварын багц хууль болон түүнд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.