Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваарьт буцаан шилжүүлэх үү

Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваарьт буцаан шилжүүлэх үү

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өөрчлөх, эсэх талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. Энэ асуудлаар өнгөрсөн сард иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулсан бөгөөд асуулгад оролцсон 7,000 гаруй иргэдийн 72 хувь нь өвлийн цагийн бүсчлэлийг хэвээр үлдээх хүсэлтээ илэрхийлсэн юм.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал  зургаагаас есдүгээр сард хамгийн бага байдаг. Тээврийн цагдаагийн байгууллагын мэдээллээр энэ үед замын хөдөлгөөний ачаалал 30 хүртэл хувиар буурдаг гэсэн тооцоо байна.

Замын хөдөлгөөний ачааллын оргил үед хөдөлгөөний хязгаарлалтын бүс нь Саппорогийн уулзвар, III, IV хорооллын эцсийн уулзвар, Тасганы овоо болон 32-ын тойргийн уулзвар, Дарь эхийн уулзвар, КТМС-ийн урд талын аюулгүйн тойрог, Офицеруудын ордны тойрог, Чулуун овооны уулзвар, Дүнжингаравын уулзвар, 120 мянгатын уулзвар, Механик тээврийн сургуулийн хойд уулзвар, Гурвалжингийн гүүрний урд уулзварыг хамруулдаг байсан.

Гэтэл замын хөдөлгөөний ачаалал багасадаг үе буюу зуны улиралд Геологийн төв лабаратори, Дамбадаржаа, ХСИС, Их тэнгэрийн ам хүртэл тэлж байгаа нь агуулга тооцооллын хувьд амьдралд нийцэхгүй байгаа тул өвлийн цагийн хуваариар хэвээр нь үлдээх саналаа Тээврийн цагдаагийн байгууллагынхан ирүүлжээ.

Тиймээс олон нийтийн санал болон мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээхээр шийдвэрлэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс гарсан дээрх саналыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэж, улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг хэзээнээс буцааж өвлийн хуваарьт шилжүүлэхийг тогтооно.

2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас зуны бүсчлэлд шилжиж, дугаарын хязгаарлалтын бүсийг тэлээд байгаа юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.