С.Эрдэнэ: Цалинг биш дэд сайдуудын зардал, том жийпнээсээ эхэлж тана

С.Эрдэнэ: Цалинг биш дэд сайдуудын зардал, том жийпнээсээ эхэлж тана

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт Монгол Улс ирэх сард цалингаа тавихад маш хүнд, “Сайн” хөтөлбөрүүдийг зогсооно, валютын нөөц ч дууссан гэдгийг нийтэд зарласан. Энэхүү мэдэгдэл нь хүнд байсан эдийн засгийг бүр дордууллаа гэж шүүмжлэх хүн олон байна. Харин өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Төрийн ордны “Иргэний танхим”-д Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болоод цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төсөвт тодотгол хийх шаардлагатай байгаа. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголтой хамт эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулна гэдгийг дуулгасан. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг хасах, хүүхдийн мөнгө болоод оюутны 70 мянган төгрөгийг зөвхөн зорилтод бүлэгт өгнө хэмээсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн дөрвөн жилд хамтарсан Засгийн газар ажилсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэдгийг онцолсон юм.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Төрийн ордны "В" танхимд УИХ дахь АН-ын бүлэг хэвлэлийн зарлав. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа нар оролцлоо. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Мэргэжлийн Засгийн газар “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоосон нь бодлогын алдаа гэж үзэж байна. Сайн хашаа, сайн оюутан, сайн хувьцаа зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Төв банк  арилжааны банкуудад 553.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ингэхдээ шинээр мөнгө хэвлэсэн юм. Гэтэл энэ оны төсөвт тодотгол хийхдээ МАН-ын удирдлагууд дээрх зээлийг төсөвт тусгах гэж байна. Арилжааны банкууд Төв банкнаас зээлсэн дээрх мөнгийг ААН-үүдэд өгөхдөө бүх эрсдэлийг өөрсдөө хүлээсэн байгаа. Ийнхүү бизнесийн зарчмаар хэрэгжүүлж байсан “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоох нь буруу. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.2-ийг зөрчсөн үйлдэл болно” гэлээ. Мөн “Сайн” хөтөлбөрүүд нь уул уурхайгаас хэт хамааралтай манай эдийн засгийг солонгоруулах давхар зорилго агуулсныг онцоллоо.

Түүнчлэн тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Төрийн албан хаагчдад цалингийн бууралт хийнэ. Засгийн газрын зүгээс иргэдийг аль болох ажилтай байлгахыг хичээнэ. Эдийн засаг хүндэрсэн үед иргэд ажилгүй болох тусам хүнд дарамт үүсдэг. Тиймээс иргэдээ ажилтай байлгаж, тодорхой салбарууд дээр цалин бууруулах арга хийхээс өөр аргагүй байна. Цалингийн төвшин бага төрийн албан хаагчид дээр бууралт хийхгүй байхаар баримталж байгаа гэж мэдэгдсэн нь хууль зөрчиж байгаа талаар тайлбарлалаа.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй”. гэсэн заалтыг ноцтой зөрчихөөр байна. Мөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд олонх болсон Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн 1.4.7-т заасан “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтална” заалтыг зөрчиж байгаа тул ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ёстой гэж үзэж байна” гэв.

Ийнхүү төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал, том жийп машин, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж танах нь зөв юм гэдгийг онцоллоо.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.