ЗГ: Нефть импортлогчид алдагдалд орсон нь тогтоогдсон болохоор ийм шийдвэрт хүрлээ

ЗГ: Нефть импортлогчид алдагдалд орсон нь тогтоогдсон болохоор ийм шийдвэрт хүрлээ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нар Ерөнхий сайдад хандан шатахууны үнэ, нийлүүлэлтийн хомсдолтой холбоотой асуулга тавьсан байна юм. УИХ-ын үдээс хойшхи хуралдааны эхэнд дээрх асуулгад Засгийн газрын зүгээс танилцуулга хийлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар томилолттой гадаадад байгаа тул Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дээрх асуудлаар танилцуулга хийлээ. 

Тэрбээр “Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр 2017 оны долдугаар сараас өссөн. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохирсон хүрээнд шатахууны онцгой албан татварыг долоо, аравдугаар сард сэргээсэн нь шатахууны үнэд нөлөөлсөн. Он гарснаас хойш бензиний жижиглэнгийн үнэ өсч, хомсдол үүссэн. Иймд Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Ингэснээр шатахууны хангамж хэвийн байдалд орсон.

2018 оны нэгдүгээр сарын 23-ны байдлаар шатахууны 39 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А80 60 хоног, АИ92 болон АИ95 41 хоног, дизель түлш 38 хоног, онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна. 

Шатахууны үнийг судлах ажлын хэсгийн дүгнэлтээр жижиглэн борлуулалт хийхдээ шатахуун түгээх станцууд алдагдалд орж байгаа нь тогтоогдсон. Цаашид үнэ нэмэгдэх төлөвтэй байна гэж үзсэн. 

Иймд автобензин дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэх шуурхай арга хэмжээг Засгийн газар авлаа. Монгол Улс 2014 онд-1,3 тонн, 2015 онд - 1,2 тонн, 2016 онд - 1,2 тонн, 2017 онд - 1,5 тонн шатахуун импортоор авсан байна. Цаашид түлш жижиглэн худалдааг зах зээлийн үнэтэй уялдуулах, евро-5 шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэр барих ажлыг Засгийн газраас эрчимжүүлнэ. Улсын хэмжээнд шатахууны нөөц нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэсэн юм. 

Танилцуулга хийсний дараа шатахууны үнэ, хомсдол үүссэн талаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Гишүүд шатахууны үнийн өсөлтөөс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихлөө үүнд ШӨХТГ ямар хяналт тавьж байгаа вэ, газрын тосны үйлдвэр барих асуудал, цаашид шатахууны үнэ болоод татварын асуудал ямар байх вэ гэсэн асуудлуудын талаар чуулганы танхимд хэлэлцэж байна.

Энэ үеэр уг асуулгыг тавьсан Д.Оюунхорол гишүүн “А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн нь гал намжаах түр зуурын арга боллоо. Тэгээд ч А80 шатахууныг чанаргүй гэдэг. Хэрэглээнээс гарч байгаа шатахууны татварыг буулгаж яах нь вэ. Чанаргүй шатахууны хэрэглээг дэмжих нь зөв үү. Төрийн хяналт гэж байхаа больсон юм уу. Шатахууны асуудлыг төгс шийдлээ гэж хэлж байгаа нь буруу шүү. Та нар төгс шийдэж чадсангүй гэдгийг хэлмээр байна” хэмээн ихэд бухимдалтай байр сууриа илэрхийллээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.