Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгээр гэнэт орсны учир юу вэ

Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгээр гэнэт орсны учир юу вэ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн эмнэлгээр гэнэт орсон байна. Сүүлийн үед сошиалаар ханиад томуу их буй, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа тухай мэдээлэл цацагдаж байгаатай холбоотойгоор Ерөнхийлөгч ийнхүү гэнэтийн “шалгалт” хийсэн байх хэмээн хэвлэлийнхэн таамаглаж байна. Тэрбээр эмнэлгийн үйл ажиллагаа, хүүхдийн өвчлөл ямар байгаатай танилцахаар эмнэлгүүдэд урьдчилж мэдэгдэлгүйгээр зочилж байгаа юм. Хамгийн эхэнд буюу яг одоо Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагтай танилцаж байна.

“Утааны эсрэг ээж аавууд” фэйсбүүк группийнхэн “Утаа хэтэрхий их байгаагаас хүүхдийн өвчлөл их байгаа, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа зэрэг асуудлыг хөндөж Ерөнхийлөгчид захидал бичжээ. Тиймээс Монголын ирээдүй болсон багачуудын төлөө санаа зовниж байгаа эцэг эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж буй аж. 

Тэрбээр зөвхөн бие хамгаалагчдын хамт, өөр албаны  нэг ч хүн дагуулаагүй явж байгаа нь гэнэтийн гэдгийг тодотгож байгаа юм. Хэрвээ Ерөнхийлөгчийг эмнэлгүүдээр явна гэсэн бол Эрүүл мэндийн сайдаас өгсүүлээд эмнэлгийн дарга гээд олон хүн дагалддаг нь ёс. Сүрийг үзүүлж явдаг даа.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр хорооллын айлаар орсон. Орсон айл нь тавлаг тухлаг гэж жигтэйхэн байсан нь шүүмжлэлд өртсөн. “Ерөнхий сайдыг бэлтгэсэн айлд оруулжээ. Зүгээр л ард түмний амьдралыг үнэн бодитоор нь харуулчихгүй дээ” хэмээн шүүмжилж байсан.

Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардлыг даах болсон гэнэ. Засгийн газар, Эрүүл мэндийн яам зэрэг байгуулагууд өвгөн яруу найрагчид 25 сая төгрөг өгөхөөр болжээ гэсэн мэдээ олны шүүмжлэлд мөн өртсөн. “Ард түмэн эмнэлгийн шалан дээр хэвтэж байхад хэнд нь хэдэн саяар өгөөд хэнийг ингэж харж үздэггүй юм бэ” гэсэн шүүмжлэл өрнөж байсан.

Ерөнхийлөгч энэ бүх шүүмжлэлийг хүлээж авч ийнхүү гэнэтийн “шалгалт” хийв үү, тохиолдлоор ингэж таарав уу гэдэг сонин биш. Байдалтай газар дээр нь танилцаж байгаа нь талархууштай.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.