"Отрын малчдаас орон нутаг төлбөр авахгүй"

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, УИХ-ын гишүүн С.Чинзориг өнгөрсөн амралтын өдрүүдэд отрын бүс нутагт ажиллаж, Өвөрхангай, Дундговь аймгийн удирдлагуудтай хоёр аймгийн зааг Баянгийн нуруунд малчны хотонд хамтарсан уулзалт хийжээ.

Тэрбээр "Өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл сумынхан хөрш зэргэлдээ Сант, Баянгол, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдын нутагт өвөлжиж байгаа.

Дундговь аймагт л гэхэд эдгээр сумдаас 57 өрхийн 43 мянга гаруй мал отроор очсон. Отроор очсон малчдыг хөөж туух, төлбөр хураамжаар дарамтлах үзэгдэл ихэсч байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Өвөрхангай, Дундговь аймгийн Засаг дарга нарыг урьсан юм. Нутгийн заагт болсон уулзалтад сумдын Засаг дарга нар, малчид гээд олон хүн оролцсон.

Тэдний санал бодлыг сонсч, "Хаяа багтвал бууж, хамар багтвал иднэ" гэдгээр хөрш аймаг сумынхан санаа нэгтэй амьдарч, зовж зүдэрсэн цагт нэг нэгэндээ сайхан сэтгэлээр тусалдаг монгол уламжлалын дагуу асуудалд хандах учиртайг нутаг нутгийнхандаа ойлгуулж, хэдэн малаа туугаад очсон нэгнийгээ элдэв төлбөр хураамжаар дарамтлахгүй байх талаас нь анхаарч ажиллахыг хүслээ.

 Иргэд хоорондоо тохиролцоод хашаа хороо ашигласны, өтөг бууц цэвэрлэх зэргээр гарч болох зардлуудаа өөр хоорондоо ярьж тохироод мөнгө төгрөг авч өгөлцөж болох ч сум орон нутгийн санаачлагаар төлбөр авах, иргэдийг хөөж туух үйлдлийг гаргахгүй байхыг онцгойлон сануулав. 

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ малчдаас төлбөр хураамж авахгүй байх боломжтойг хэлээд ирээдүйд гарах эрсдлээс хамгаалж нутагтаа эрүүл мал оруулах шаардлага тавина гэдгээ хэллээ. 

Өвөрхангай аймгийн хувьд отроор олон өрх очих хэрээр орон нутгийн эмнэлэг, цагдаагийн байгууллагад ачаалал үүсч шатахууны, эм тарианы зардал нэмэгддэг учраас энэ зардлаас хуваалцах боломжтой хэмээснээр асуудлыг нааштайгаар шийдэж отроор очсон малчдаас орон нутгийн санаачлагаар ямар нэг төлбөр хураамж авахгүй байхаар боллоо. Харин иргэд хоорондоо тохиролцож, хашаа хороо, өвөлжөө бууцаа ашиглуулсны зардал өгч авалцаж болох юм" хэмээн ярилаа.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.